Ерөнхий сайд осол, дэлбэрэлт тохиолдлынх биш гээд ХЭРЭГ НЭЭН шалгахыг үүрэгджээ
Өнгөрсөн долоо хоногт /2024.01.24/ Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт болсноос үүдэж онцгой байдлын гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан билээ. Тус албан хаагчдыг өнөөдөр сүүлийн замд нь үдлээ.
Тэгвэл Засгийн газрын энэ сарын 25-ны өдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд дэлбэрэлттэй холбоотой ноцтой асуудлыг хөндсөн талаар эх сурвалжууд хэлж байна.
Тухайлбал, "...Дүнжингаравын уулзвар орчимд машин дэлбэрэх үед эргэн тойрон дахь автомашинуудад хэн хэн байсан бэ. Улс төрчдийн хамаарал бүхий автомашинууд тэр хавьд хэдээс хэдэн цагийн хооронд байв. Тэдгээр машинд хэрэг нь шүүхээр яваа хэргийн хамаарал бүхий болон хуулийн байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс хамт байсан эсэхийг тодруулах. Тагнуулын даргын барьсан орон сууц, тэдний эргэн тойронд тэр өдөр ямар ямар уулзалтууд болсон бэ. Эдгээрийг цогцоор нь нягталж, хэрэг нээж шалгах ёстой.. хэмээн үүрэгдсэн аж.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дүнжингаравын уулзварт гарсан осол, дэлбэрэлтийг тохиолдлынх биш гэж үзэж байгаа бололтой. Тиймээс ч нарийвчлан шалгахыг үүрэг болгосон бололтой.