Монголчууд энэ сарын 28-наас Эмират улс руу визгүй зорчдог болно
Манай улсын иргэд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тодруулбал, Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай албан ёсны хэлэлцээ хийсэн юм.