Ж.Ганбаатар УУХҮЯ-ны газрын даргад хариуцлага тооцно гэв
УУХҮЯ-ны газрын дарга "шоудаад" явж байсан асуудалд хариуцлага тооцох эсэх талаар Салбарын сайд Ж.Ганбаатар "Хариуцлага тооцно. Ямар хариуцлага тооцсон талаараа хариу өгнө. Тэр хүн ажлын бус цагаар явсан. УУХҮЯ хувийн байгууллага биш, төрийн байгууллага учир хуультай. Би дураараа шууд тэгж хариуцлага тооцно гэж хэлэхгүй.
Хуулийн дагуу шат дараалалтай хандана" гэв.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр АН-ын бүлэгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга Л.Баярмандал бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна" гэж байсан.
АН-аас Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.