“Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа“
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бий болж, нийгмийн сэтгэл зүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна." гэв.