Л.Оюун-Эрдэнэ: Авлигачдад эцсийн хариуцлага тооцох асуудал шүүхийн шатанд удааширч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, Монгол Улсын аминд хүрэх аюул байсан. Авлигын эсрэг тэмцэл адармаатай тэмцэл өдөр өдрөөр ахисаар өнөөр шүүхийн шатанд хүрлээ.
Авлигачдад эцсийн хариуцлага тооцох асуудал шүүхийн шатанд удааширч байна. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгож байгаа нь авлигын эсрэг тэмцэл үү, авлига авах нь зөв гэсэн урамшуулал уу? энэ мэт асуудалд ард түмэн итгэл алдарч байна.
Шүүгч хүн хүмүүстэй протоколгүй албан бусаар уулзахыг хориглох нь зүйтэй. Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон гэж нэрлэх нь зөв.
Авлигыг ялж байж бид жам ёсны, эрүүл эдийн засгийн тогтолцоонд шилжинэ. Тиймээс авлигатай хатуу тэмцэнэ. Авлигачдын өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй. Авлигатай хатуу тэмцэх нь Монголын төлөөх хайр юм." гэв.