Б.Жавхлан: АН-ынхан “Өргүй Монгол“ гэж ярих эрхгүй. Тэдний тавьсан өрийг дарж байгаад чимээгүйхэн алга ташаад суух хэрэгтэй

2023 оны 11 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын өрийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.

- Өрийн талаар ямар эх сурвалж дээр үндэслэсэн нь тодорхойгүй мэдээлэл гарах юм. Монгол Улсын өр ДНБ-ийхээ 60-аас дээш хувийг эзэлж байна, хэзээ мөдгүй дампуурлаа гэх мэдээлэл ч бий. Гэтэл өмнөх онд бондуудын төлөлт хийлээ. Өнөө маргаашгүй дампуурлаа гэж байсан Хөгжлийн банк ч хөл дээрээ босоод ирлээ. Тэгэхээр худлаа ч юм шиг?

- Монгол Улсын өр, Монгол Улсын Засгийн газрын өр гэсэн ялгаатай ойлголтууд бий. Тиймээс эхлээд энэ талаар цэгцтэй ойлголт өгье. Бид нийгмийн шинэ харилцаанд ороод 33 жил болж байна. Энэ хугацааны Монгол Улсын Засгийн газрын өрийг хоёр үед хувааж болно.

Нэгдүгээрх нь, 1990-2012 он хүртэл.

Хоёрдугаарх нь, 2012-өнөөг хүртэл.

1990 оноос хойш бид зах зээлийн харилцаанд ормогцоо Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын олон талд харилцаатай хөгжлийн институцийн гишүүн орон болсон. Ингээд тэдгээр байгууллагуудаасаа урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээлийг авч улс орныхоо хэрэгцээтэй салбарт хөрөнгө оруулалт хийж ирлээ. Олон талт хамтын ажиллагаатай санхүүгийн эдгээр байгууллагуудаас гадна Япон, Хятад, Герман зэрэг донор орноос мөн зээл авч ирсэн. 2012 оноос эхлэн ямар шинэ ойлголт гарав гэхээр Монгол Улсын Засгийн газар анх удаа олон улсын санхүүгийн зах зээл дээр “Монгол Улсын Засгийн газар” гэсэн кодтой, богино хугацаатай арилжааны бонд арилжаалж эхэлсэн. Энэ бол өнөөх урт хугацаатай зээлээс тэс өөр ойлголт.

Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр санхүүгийн маш өндөр хариуцлагатай байх ёстой шинэ үе эхэлсэн гэсэн үг. Түүхийн энэхүү хоёр үечлэлийн үр дүнд өнөөдөр манай улсын Засгийн газрын гадаад өр найман тэрбум ам.доллар байна. Монгол Улсын нийт өрийн тухайд гэвэл Засгийн газрын найман тэрбум ам.долларын өр дээр нэмэх нь Төв банк, арилжааны банкууд, улсын үйлдвэрийн газрууд, Монгол Улсын хөрөнгө оруулалттай хамтарсан төслүүд, хувийн хэвшлийнхний 25 тэрбум ам.долларын өрийг нэмээд нийт 33 тэрбум ам.доллар болж байна. Үүн дотор Оюу толгой, Хөгжлийн банк, Монголбанкны свопын өр багтаж байна. Нэмэх нь Шангри-Ла, МИК, Энержи Ресурс гэхчлэн хувийн хэвшлийн томоохон бондууд байх жишээтэй. Монгол Улсын зээлжих зэрэглэл, Монгол Улсын нийт гадаад өрийн өгөөж ямар байхаас шалтгаалж бусад буюу 25 тэрбум ам.долларын өр хамааралтай.

Монгол Улсын Засгийн газар өрийн чиглэлээр сайн менежмент хийхгүй бол дагаад бусад нь унана. Засгийн газрын өрийг сайн менежмент хийж, зээлжих зэрэглэлээ тогтвортой барьж, болж өгвөл сайжруулж, өгөөжөө сайн баривал бусад хэсгийн өрийн дарамт багасаж, сайжирна гэсэн үг. Тиймээс Засгийн газар мөс зүсэгчийн үүргийг гүйцэтгэж хувийн хэвшилдээ олон улсын зах зээлээс харьцангуй бага зардалтай хөрөнгө босгох боломжийг нээж өгдөг гэсэн үг.

- “Өргүй Монгол” лоозон гарч ирсэн. Ардчилсан намынхан “Өргүй Монгол”-ыг бий болгоно хэмээж байгааг та юу гэж харж байна вэ?

- Энэ талаар өмнө нь УИХ-ын түвшин ч, Засгийн газрын түвшинд ч нэлээд яриа хэлэлцээр, хэлэлцүүлэг болдог байсан. Тэр дундаа Хөгжлийн банкны хэлэлцүүлэг олон нийтийн анхааралд ороход энэ банкны өр юунаас болсон бэ. Ямар үед үүссэн өр вэ. Яагаад чанаргүй болов гэж яригдахад бид хуанли дээр он цагийн дараалалтай ярьж байсан. 2012 оны арваннэгдүгээр сарын 28-нд Чингис бондыг гаргасан. Үүнээс хойш Дим Сам, Кредит Свисс, Мазаалай зэрэг бондуудыг гаргасан.

Үүнээс зөвхөн Чингис бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан бол Дим Сам, Кредит Свисс, Мазаалайг төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан байгаа юм. Харин 2017 оноос эхэлж Хуралдай бондыг гаргаж Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг төлсөн байдаг. Гэрэгэ, Номад, Сенчири, Сенчири-2 бондуудаар Чингис, Мазаалай, Дим Сам, Гэрэгэ, Хуралдай бондуудын өрүүдийг төлсөн. Өөрөөр хэлбэл өрийн зохицуулалт хийж Монголд ямар ч эдийн засгийн үр өгөөж өгөөгүй бондуудын өрийг төлсөн гэсэн үг. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бидний үр хүүхэд төлчих байлгүй дээ” гэж хэлж байсныг санаж байгаа байх. Нийт есөн бондоос эхний дөрөв нь буюу 2017 оныг хүртэл нь өр үүсгэж, 2017 оноос хойш гарсан нь бүгд өмнөх бондын өрийг төлсөн.

- Уучлаарай, таны ярианаас хэзээний өрийг хэзээ нь төлөөд байгааг тодорхой ойлгохгүй байна л даа. Он цагтай ярьж болох уу?

- 2012-2016 онд. Энэ үед хэн засаглаж байсан бэ.

- Ардчилсан нам уу?

- Тийм, Ардчилсан нам. Харин 2016 оноос хойш өнөөг хүртэл МАН засаглаж байна. Өөрөөр хэлбэл, бид засагласнаасаа хойш дандаа өр төлж ирлээ. Таны өмнөх асуултын тун тодорхой хариулт ерөөсөө энэ. “Өргүй Монгол” энэ цаг үед (2016- 2023) явж байна. Гэтэл АН-ынхан маань 2012-2016 онд өртэй Монголыг үүсгээд, явсан. Бид тэдний тавьсан өрийг төлөөд явж байна. Гэтэл өр тавьсан хүмүүс өнөөдөр өргүй Монголыг бий болгоно гэж ярьж суух. Тэд "Өргүй Монгол" гэж ярих эрхгүй хүмүүс.

Би УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж л байсан. Хөгжлийн банкны 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл бол Чингис бондын үлдэгдэл. Бид гадна талдаа Чингис бондыг төлсөн гэж байгаа ч дотооддоо Хөгжлийн банкийг дампууруулах шахсан. Энэ нь өр болж үлдсэн. Гадна талдаа Н.Алтанхуягийн Засгийн газар байна уу, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байна уу хамаагүй. Гагцхүү Монгол Улсын л өр. Н.Алтанхуягийн хувьд бид үр хүүхдүүд, хойч үе нь л байх л даа. Бид хувь заяа, цаг хугацааны хувьд энэ өрийг төлөх цаг үед амьдарч байна. Тиймээс ч энэ өрийг төлж байна. Ардчилсан намынхан “Өргүй Монгол” гэж ярих ямар ч эрхгүй. Тэдний өрийг бид төлж байгаад чимээгүйхэн баярлаад, алга ташаад сууж байх ёстой.

- Өнөөдөр нэг Монгол хүнд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэгдэж байгаа. Ер нь “нэг хүнд ногдох өр” гэж нэрлэх нь зөв үү. Үнэхээр нэг хүнд 30 сая төгрөгийн өр ногдож байна уу?

- Хоёр ойлголт байна. Монгол Улсын өр даах чадвар гэж бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ. Айлаар зүйрлэж хэлбэл, хажуу айлаасаа мөнгө зээлэх чадвар. Би нэг ТҮЦ-тэй байхдаа хажуу айлаасаа мөнгө зээлэх, дөрвөн ТҮЦ-тэй болчхоод хажуу айлаасаа мөнгө зээлэх өөр болно оо доо. Тэгвэл манай улсын эдийн засаг маш олон “ТҮЦ-тэй болсон”. Бид эдийн засгийн сууриа тэлж байна. Зээлжих чадвар маань нэмэгдэж байна. Хэрвээ бид 2012-2016 оных шиг сахилга батгүйгээр өрөө нэмэгдүүлсэн бол өнөөдрийн ярьж байгаа шиг нэг хүнд ногдох өр 30 сая биш, бүр 100 сая болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид энэ чиглэлд маш сайн сахилга баттай яваа.

Монголын нийт өрийг задлаад үзвэл зөвхөн 1/4 нь л Монгол Улсын Засгийн газрын өр. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн мөнгөөр баталгаажсан өр. Бусад 25 тэрбум ам.долларын өр нь хувийн секторынх. Энэ бүгд нийлээд 33 тэрбум ам.доллар болж байна. 33 тэрбум ам.долларыг одоогийн ханшаар үржүүлэхээр 116.2 их наяд төгрөг. Үүнийгээ 3.5 сая иргэнд хуваахаар нэг хүнд 33.5 сая болно. Үүнийг тэгж яриад байна. Хувийн секторын тавьсан өрийг хэзээ ч Монгол Улсын иргэд хариуцна гэж байхгүй.

Дахин хэлэхэд Засгийн газрын өрийг бид хэчнээн сайн сахилга баттай авч явна, төдий хэмжээгээр хувийн секторын 25.8 тэрбум ам.долларын өр иргэн дээр санхүүгийн хариуцлага болж очихгүй. Эндээ л ялгаа нь байгаа юм.

Нэг хүнд ногдох өр гэдэг нь нэг талаасаа улстөржүүлсэн хэллэг. Хоёрдугаарт, 2012-2016 онд нэг хүнд оногдож байгаа өр, өнөөдөр нэг хүнд оногдож байгаа өрийн чанар өдөр, шөнө шиг ялгаатай. Үүнээс гадна өрийн сахилга бат бий. Өр тавьж болно. Жишээлж хэлбэл, манай аав хажуу айлаасаа мөнгө зээлж болно. Гагцхүү зээлсэн мөнгөө зөв эргэлдүүлж, зөв ашиглаад өгөөжтэй байлгаад буцааж төлбөл өрнөөс айх шаардлага байхгүй. Харин өр үүсгэж авсан зээлээрээ архи уугаад алга болчихвол тэр л аймшигтай. 2012-2016 онд тавьсан өр ийм л замаар явсан л даа.

- Ийм л замаар явсан гэдэг нь юу гэсэн үг вэ. Та улстөржүүлсэн хариулт хэлж байна уу?

- Бодит байдал, бодит дүн мэдээлэл нь ийм байгаа юм. Танд бондуудыг юунд ашигласан, ямар үр дүнтэй байсныг хэлье л дээ. Анх 2012 онд 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх Чингис бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Энэ мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж нийт 465 төсөл санхүүжүүлсэн байдаг. Үүнээс 63.4 хувийг улсын төсвөөс эргэн төлсөн, 450 гаруй тэрбум төгрөгийн зээл нь Хөгжлийн банкны чанаргүй ангилалд орчихсон байна. Мөн Дим Сам, Мазаалай бондуудыг 2015, 2016 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан байдаг. Эдгээр нь монголчуудад өгөөж өгөөгүй. Дараагийн үедээ эдийн засгийн дарамт болгож үлдээсэн.

Н.Батбаяр сайд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 оны арванхоёрдугаар сард, 4.125, 5.125 хувийн өндөр хүүтэй авч ирсэн. Өндөр хүүтэй гэж хэлж байгаа шалтгаан нь тухайн үед АНУ-ын Холбооны нөөцийн хүү бараг “0” байсан шүү дээ. Гэтэл 2013 оны зургаадугаар сард буюу бүтэн зургаан сарын дараа дөнгөж эхний 10 сая ам.долларын төслийн санхүүжилт гарсан. Хагас жилийн дараа гэсэн үг. Бүтэн жил болоход ашиглалт нь 20, 30-хан хувьтай байсан. Сүүлдээ үрж дийлэхээ байгаад Хөгжлийн банканд өгсөн. Тэр хооронд хүүг нь бүтэн төлж байсан. Уг нь бүх төслөө бэлэн байлгаад авч ирээд нэг өдөр ч алдалгүй санхүүжилтээ хийж, тэндээс буцаж орж ирэх тоолуур эхлэх ёстой. Гэтэл тэр тоолуур нь “0”. Хүү нь яваад байдаг.

- 2016 оноос хойш мөн л бонд гаргасан шүү дээ. Тэдгээр бондын зарцуулалтыг ярихгүй юу?

- Хуралдай, Гэрэгэ бондоор өмнөх зээлүүдээ төлж хүүг нь багасгасан. Хуралдай, Гэрэгэ бүгд дампуурлын ирмэгт байхад гаргаж байсан бондууд. Одоо бид Сенчири-3 дээр явж байна. Дандаа өмнөх зээлүүдээ төлсөн. Хойшоо бид нэмж өр тавиагүй.

- ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээ хэд байгаа талаарх бодит мэдээллийг өгөөч. Бас л зөрүүтэй янз бүрийн л дүн яригдах юм?

- ДНБ-д эзлэх өрийн хувь хэмжээг он цагийн дарааллын дагуу диаграмм дээр харах хэрэгтэй. Өнөөдөр 44 хувьтай байна. 44 бол бага биш. Гэхдээ хэд байж байгаад 44 болов. 2016 онд хамгийн өндөр хэмжээнд байсан. 2016 онд манай нам ялахад ДНБ-д эзлэх 78 хувийн өр хүлээж авсан. Тухайн үед өрийн тааз 88 хувь байсан. Гэтэл тухайн үед өрийг 78 хувьд хүртэл авсан байсан. Золтой л таазанд нь тулгачхаагүй байсан шүү. Үүнийг багасгасаар өнөөдөр 44 хувьд авч ирлээ. Өөрөөр хэлбэл, бид хоёр дахин багасгасан.

Ингэж багасгахын тулд бид хоёр арга хэмжээ авсан. Жишээлж хэлбэл, машин дээр ачаа нэмж тавихын тулд машинаа томруулж даацыг нь нэмэх хэрэгтэй. Яаж даацаа нэмсэн бэ гэхээр ДНБ өөрөө тэлсэн. Энэ тэлсэн хэмжээгээр сахилга батаа алдаж өрөө нэмээгүй. Өр, зээлжих зэрэглэлээ тогтвортой авч явахаар ДНБ-д эзлэх хувь хэмжээ амжилттай буурч эрсдэл багассан. Өөрөөр хэлбэл, ачаа ачих машины эрсдэл багасгаж ирсэн гэсэн үг. Манай улсын зээлийн хамгийн эрсдэлтэй, хамгийн хүнд үе 2016 онд байсан. 2020 оноос бид амжилттай багасгасан. Гэвч дайн, ковидын хүндрэл өрд нөлөөлсөн.

- Тухайн үед зээлжих зэрэглэл хэд байсан бэ?

- 2012 онд бид "ВВ" үнэлгээтэй хүлээлгэж өгсөн. 2012 оноос 2016 онд зээлжих зэрэглэлийг ёроолд нь хүртэл унагасан. Зээлжих зэрэглэл "С" болчихсон байсан. Үүнээс доош гэж байхгүй. Шууд дефольт болдог. Үүнийг бид "В" рүү гаргаж ирсэн. Дайн болсон, бид буцааж унагачихаагүй чирээд явж байна. Харин ч нэмэгдэх мессэж өгч эхэлсэн. Ирэх жил Хуралдай бондоо төлчихвөл сонгуулийн үеэр нэмэгдэж магадгүй.

Зээлжих зэрэглэлийн дүнг “Fitch”, “Moody’s”, “Standart &Poor’s” гаргадаг. Жилийн эцсээр, жилийн дундуур гээд хоёр удаа үнэлгээ хийдэг. Үүн дээр бид сүүлийн хоёр жил худлаа яриагүй. Одоо бидэнд Хөгжлийн банкны Самурай бонд чухал. Ирэх жилийн Хуралдай бонд чухал. Энэ хоёрт сайн менежмент хийчихвэл дараа жилийн хоёр дахь хагаст хийгддэг үнэлгээгээр манай улсын зээлжих зэрэглэл ахиж магадгүй. Гэхдээ зээлжих зэрэглэл дан ганц бондын төлөлтөөс хамаарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Улс төрийн тогтвортой байдал, хууль дээдлэх ёс, авлигын хяналт зэрэг нөлөөлдөг. Улс төрийн хоёр мөчлөг дамнаж бид сайн ажилласан. Тиймээс буцааж нэмэх магадлалтай.

- Дайнтай, ковидтой их хүнд үеийг дэлхий нийтээрээ тууллаа. Ийм хүнд жилүүдэд өрийг хоёр дахин бууруулсан гэдэг бол яах аргагүй амжилт мөн. Бодит байдлыг бид хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Ингэж бууруулж чадсан нь юутай холбоотой вэ?

- 2016 оноос хойш хоёр өр байна. Олон улсын байгууллагуудаас авсан хөгжлийн зээлүүдийн өрийн эргэн төлөлтүүд болон бөөндөө төлбөр нь орж ирдэг бондын төлбөр. Бондын төлөлтийн хугацаа богино шүү дээ. Тав, зургаа, долоо, арван жилээр байдаг. Үүнийг төлөхдөө төсөвт ямар хэмжээтэй, яаж ачаалал авах вэ гэдэгт менежмент хийх хэрэгтэй. 2016 онд манай Засгийн газар байгуулагдаад энэ өрийг яах талаар хэлэлцсэн. Ингээд дунд, урт хугацааны өрийн менежментийн стратегийг зурагласан байдаг. Өмнө нь Засгийн газар дээр өрийн асуудлыг ярьдаг байсан бол одоо УИХ дээр төлөвлөгөөгөө оруулж ирж батлаад бараг хуульчилж байна. Ингээд түүнийхээ дагуу явдаг сахилга баттай болж ирсэн.

УИХ-аар гурав гурван жилийн стратеги батлуулдаг. Засгийн газрын 2019-2022, 2023-2025 оны өрийн стратеги гарсан. Манай Засгийн газар сүүлийн хоёр удаагийн стратегийг дамнаж ажиллаж байна. 2017 онд буюу өрийн хувьд хамгийн хүнд дарамттай, хамгийн хүнд үедээ стратегиа баталсан. Ингэхдээ нэмж бонд гаргахгүй. Нэмж бонд гаргасан тохиолдолд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй. Нэмж өндөр эрсдэл үүсгэхгүй. Зөвхөн өмнөх бондыг төлөх зориулалттай бонд гаргана. Улс орны томоохон хөрөнгө оруулалтуудыг урт хугацаатай өрийн санхүүжилтээр санхүүжүүлнэ. Тэр нь зөвхөн олон улсын санхүүгийн байгууллагууд болон нэн хөнгөлөлттэй зээлээр донор байгууллагуудаас авна. Тэр төслүүдээ сахилга баттайгаар зөв хуваарилалт хийж, чанарын шаардлагатай салбарууд руу хийнэ гэдэг нарийн төлөвлөлт рүү орсон.

Ингээд 2022 онд стратегиа шинэчилж баталсан. Үүн дотор бондын хувьд сахилга бат хэвээр байна. Шинэ бонд гаргаж төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэж улс орныг дампууруулахгүй. Гагцхүү өмнөх бондуудаа дахин санхүүжүүлэх бонд гаргаж болно. Олон улсын байгууллагуудаас шинэ урт хугацаатай, хөнгөлөлттэй, хөгжлийн санхүүжилт авч болно. Гэхдээ түүнийгээ эдийн засагт өгөөжтэй, өөрөө өөрийгөө төлөх боломжтой, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн, УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг л санхүүжүүлнэ гэж үндсэндээ хуульчилчихсан. Тэгэхээр гадаад өрийн хувьд жишээлж хэлбэл, “Эхлээд тийшээ, дараа нь ийшээ алхана шүү” гэдгийг маш нарийн заасан учраас яг түүнийхээ дагуу явж байна. Тиймээс өрийн хувьд сүүлийн жилүүдэд маш сайн эерэг үр дүн өгсөн. Сайн менежмент сайн сахилга батыг барьж чадсан.

Өнгөрсөн 33 жилээс бондын төлбөрүүд болон урт хугацаатай хөнгөлөлттэй хөтөлбөрийн эргэн төлөлтөөр хамгийн өндөр ачаалалтай нь сүүлийн дөрвөн жил байлаа. Эхний хоёр жил нь ковидтой. Хоёр хил хаагдчихсан. Сүүлийн хоёр жил нь дайнтай. Гэхдээ энэ дөрвөн жилд бид ямартаа ч гадаад өрөөс хамааралтай Монгол Улсын Засгийн газрын дефольтыг эрсдэлгүй болгож чадсан. Энэ бол бидний том амжилт. Зээлжих зэрэглэлээ хамгаалж чадсан. Хөгжлийн банкны зээл, бондуудаа цаг хугацаанд нь төлж чадлаа. Хэрвээ ингэж чадаагүй бол Монгол Улс дефольтоо зарлана. Зээлжих зэрэглэл нь дампуурлын зэрэглэл рүү очно. Үүнийг дагаад хувийн хэвшлийн нөгөө 25 тэрбум ам.доллар дампуурна. Дахин санхүүжилт хийж чадахгүй. Монгол руу орох урсгал бүгд хаагдана. Төв банкны валютын нөөц үндсэндээ тэглэгдэж, шавхагдана. Ийм хүнд үеийг сүүлийн хоёр жилийн дотор амжилттай зохицуулж, давсан.

Ингэхдээ нэгдүгээрт, стратеги буюу УИХ-аас өгсөн гэрийн даалгаврыг маш чанд сахилга баттай биелүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газар төлбөрийн тэнцлийн шокоос амжилттай гарахын тулд нүүрс, экспортын гол түүхий эдийг дагасан авлига, хээл хахуулийн эсрэг шат дараатай арга хэмжээ авсан. Мөн Хөгжлийн банканд хатуу арга хэмжээ авсны үр дүнд богино хугацаанд төлбөрийн тэнцлийн шокоос гарсан. Ингэснээр төсвийн орлого сайжирсан. Төлбөрийн тэнцэл анх удаа өндөр хэмжээний нэмэхтэй боллоо. Төв банкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллароос давж гарлаа. Ингэсний үр дүнд сүүлийн жилүүдэд тулж байсан бүх өрөө амжилттай зохицуулалт хийсэн. Төсөв дээр дааж чадах хэмжээгээр үндсэн зээлүүдээсээ багасч чадсан.

- Манайх хэзээ мөдгүй дефольтоо зарлалаа гэцгээж байсан нь саяхан шүү дээ?

- 2022 оны гуравдугаар сард манайх дампуурлаа зарлах эрсдэлд тулчхаад байсан. Манайхтай ижил зээлжих зэрэглэлтэй жишээ нь Шри-Ланк дампуурлаа зарласан. Бусад маш олон орон ОУВС-гаас тусламж авч тусгай бөгөөд хүнд хөтөлбөрийн шаардлагатай зээлүүд рүү орсон. Бидний нөхцөл байдал яг л адилхан байсан. Бидэнд шат дараатай хатуу арга хэмжээнүүдээ авах уу, эсвэл ОУВС руу очих уу гэдэг сонголт байсан. Ингээд бид дотооддоо яаралтай бөгөөд хатуу, шат дараатай арга хэмжээ авсны хүчинд саяны үр дүн гарсан.

Ер нь өмнө нь хэзээ ч ОУВС-гийн гишүүн орнуудаас санхүүгийн хүндрэлээс болж 91 улс зэрэг тусламж авч, хатуу шаардлагатай, хатуу нөхцөлтэй хөтөлбөрт түүхэндээ орж байгаагүй. Түүхэндээ шүү. Өнгөрөгч жил 90 гаруй улс орчихсон, араас нь 45 улс орох хүсэлт өгсөн байсан. Ийм хүнд үеийг өнгөрсөн жил дэлхийн улс орнууд туулсан. Үүнээс маш цөөхөн улс сугарч хүнд нөхцөл байдлаас бие дааж гарч чадсан. Үүний нэг нь манай улс болсон.

Тиймээс ковидын үед ч, дайны үед ч өөрсдийн сайн менежментийг хэрэгжүүлж хүнд нөхцөл байдлаас богино хугацаанд гарсан улсын сайн жишээ болгож ОУВС, олон улсын байгууллагууд манайхыг ярьж байна. Бид Сенчири-1, 2 төслүүдийг амжилттай хэрэгжүүлж 2021, 2022 онуудад тулгамдаад байсан Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын сүүлийн төлбөрүүдийг цаг хугацаанд нь амжилттай төлсөн. Ингэж олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улс ямар санхүүгийн сахилга баттай, ямар өндөр хариуцлагатай вэ гэдгээ нотолж чадсан. Ийм учраас манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллагууд хэвээр үлдээж чадлаа. Манайхтай адил зээлжих зэрэглэлтэй олон улс хүнд үеийг давж чадалгүй ОУВСгийн хөтөлбөрт орсон.

- Цаашид зээлжих зэрэглэл ахивал гаднын хөрөнгө оруулалчдад эерэг дохио болж, гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ биз дээ?

- Гадаад хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэн. Нэг жишээ нь Сенчири-2 төсөл. Тэнд нуух юм алга. Өнгөрөгч жилийн арваннэгдүгээр сард бид дайрч үзсэн. Амжилтгүй болсон. Хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа нь яах аргагүй зөв. Өөрөөр хэлбэл, манай улсын оны эцсийн үзүүлэлт ямар гарахыг хөрөнгө оруулагчид харж байсан гэсэн үг. Оны эцсийн манай улсын төсвийн алдагдал эрс буурч гарсан. Төлбөрийн тэнцэл сайжирч гарсан. Төв банкны валютын нөөц бодсоноос сайжирч гарсан. Тиймээс нэгдүгээр сард дахин дайрч үзсэн. Маш амжилттай болсон. 600 сая ам.долларын бонд зах зээл рүү гаргахаар зорьж очсон. Гэтэл дөрвөн тэрбум ам.доллар буюу бидний тооцоолж байснаас даруй ес дахин давсан. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр хөрөнгө оруулагчид Монгол Улс, Засгийн газарт итгэх итгэл сэргэсэн. 2012-2016 онд хөрөнгө оруулагчид манайх руу гэдэг байсан. 2016 оноос хойш алдсан. Дэлхий нийтээрээ хүнд байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа нь бидний хувьд маш том боломж. Гадна талдаа манай улсын өрийн сахилга бат үүнийг яаж үнэлж байгааг харуулсан том үзүүлэлт.

Хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж байгааг батлах мөн нэг үзүүлэлт нь бодит хүүгийн зөрүү. Чингис бондын хүү 5.25 байхад АНУ-ын Холбооны нөөц хүү буюу дэлхийн валютаар илэрхийлэгдэх өрийн хүү 0.25 байсан. Тэгэхээр бодит хүүгийн зөрүү 5.1. Гэтэл Сенчири-2 бондын хүү 8.65 байхад АНУ-ын Төв банкны хүү 4.3 байсан. Үүний зөрүү 4.3. Өөрөөр хэлбэл, анх бондын зах зээл дээр гарч ирж байснаас Сенчиригийн бодит хүү бага байсан байна. Үүнээс манай Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эрс сэргэсэн байна гэж ойлгож болно.

- Ийм их өр төлөөд байхад яагаад өр буурахгүй байна вэ гэсэн асуулт олон нийтийн дунд бий. Үүнд та хариулт хэлээч?

- Бид бонд төлсөн орон зайгаа ДНБ тэлсний хэрээр тэлж байгаа ч өрийг тэр хэмжээгээр өсгөхгүй байгаа. Яг хэмжээндээ буцааж хөгжлийн санхүүжилтээ авч түүгээрээ шинэ үр өгөөжтэй, эдийн засгийн тэлэлтийг хийж байна. Машиныхаа даацыг нэмэгдүүлэх бодитой, зөв зээлүүдээ авч байна гэсэн үг. Үүнээс гадна гадаад өрийн 98 хувь нь валютаар илэрхийлэгддэг. Тиймээс ханшаас үүдэж ингэж харагдаж байгаа юм. Энэ хугацаанд найман тэрбум төгрөг нь ханшийн зөрүүнд зарцуулагдсан байдаг.

- 2012 онд валютын ханшийг 1,400 төгрөгт хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр 3,440 төгрөгт хүргэсэн гэж АН-ынхан буруутгадаг. Үүнд та ямар хариулт хэлэх вэ?

- 2012 онд бид валютын ханшийг 1,300 төгрөгт хүлээлгэж өгсөн. Нийт нөөц нь гурав орчим тэрбум ам.доллар байсан. Төлбөрийн тэнцэл 470 сая ам.долларын ашигтай байсан. 2016 онд 1,300 төгрөгөөс 2031 төгрөгт хүргэж, 60 хувь өсгөж өгсөн. Тэгвэл 2020 онд 2,800 төгрөгт байсан. Хэрвээ энэ үед манай нам гарч ирээгүй бол, ДНБ-д эзлэх өрийн дээд хэмжээ 78 хувиас ч илүү гарсан бол өнөөдөр төгрөг 3,400 ч биш, 10 мянга хүрсэн байх ч юм бил үү. Тиймээс бид ДНБ-д эзлэх өрийн хэмжээг бууруулсан. Сахилга бат сайжирсан.

Гэхдээ 2016 оны хүнд дарамт тийм хурдан арилахгүй. Төлбөрийн тэнцлийг тэгж хурдан сайжруулж чадахгүй. Энэ хооронд ханш өсөөд л байсан. Харин дайн, ковидын хүнд үед төгрөгийн ханш 3500 төгрөгөөс дээш гараагүй шүү дээ. Ийм хүнд үед бид төлбөрийн тэнцэл, нөөцөө сайжруулсан. Зээлжих зэрэглэлээ хадгалсан. 2016 оны ийм хүнд үеэс Монголын хувь заяаг бид сайжруулж чадсан. 2012-2016 онд үүсгэсэн өрүүд валютын нөөцийг нэмж, тухайн үеэ аргалж байсан. Үүнээс хойш өрийн зохицуулалт хийж, мөнгөөр биш бодлогоор аргалж байсан.

- 2017 онд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орсон нь Засгийн газар өөрийн гэсэн толгойгүй байгаагийн илрэл гэх шүүмжлэлд хүргэдэг?

- 2017 онд ОУВС-д орсон шалтгаан нь ерөөсөө л 2016 онд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 78 хувьд хүрснээс болж орсон. Ийм нөхцөлд манай намын Засгийн газар оруулаагүй. Ардчилсан намынхан тийм хүнд нөхцөлд оруулсан учраас бид ОУВС-д орж байж тэрхүү хүндрэлээс гарсан. Түүнээс бид муутгасандаа ороогүй.

2017 оны гуравдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт орсон. ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд дор хаяж зургаан сарын өмнө хүсэлт тавьсан байх ёстой. Тэгэхээр сонгуулийн дараа хүсэлт тавьжээ гэсэн үг. Бид маш хүнд үеийг хүлээж авсан. Монголын ард түмний хувь заяа өндөр учраас, АН-ынхан бид чадахгүй байна, та нар авч яв гэсэн учраас бид энэ хүндрэлийг давж гарсан. 2016 онд олон улсын байгууллагууд манай улсыг дампуурчихлаа л гэж харж байсан. Зээлжих зэрэглэл С байсан. Үүнээс доошилбол дефольт болно. ОУВС-д шилжиж орж зээлжих зэрэглэлээ тогтворжуулаад 2019 онд хөтөлбөрөөс гарсан.

- ОУВС, Дэлхийн банк, АХБ гэхчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудтай та бүхэн ямар харилцаатай байгаа вэ?

- Их сайн харилцаатай байгаа шүү. Бид АХБ, Дэлхийн банкны эзэн нь. Монгол Улс өөрийгөө голох хэрэггүй. Учир нь бид хувьцаа эзэмшигч гишүүн орон. Бид татварынхаа, хувьцааныхаа мөнгийг төлчихсөн гишүүн орон. Бид саналын эрхтэй. Энэ байгууллагыг залах эрхтэй. Энэ байгууллагын даргыг нь томилоход бид санал өгдөг улс. Тиймээс тэдэнтэй ямар харилцаатай байх вэ гэдэгт гишүүн орны хувьд бүгд дүрэмтэй. Дэлхий нийтийн чиг хандлагатай зэрэгцэж, хөл нийлүүлээд явах эрх нь бидэнд байна. Татгалзах эрх нь ч бидэнд бий. Энэ хоёр сонголтын аль нь бидэнд хэрэгтэй вэ, яавал бидэнд хохиролтой вэ гэдгээ бодож сонгох хэрэгтэй. Тэгвэл сүүлийн жилүүдэд бид хэрэгтэй сонголтоо хийгээд явж байна.

Зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652994
1 эможи

Зочин
2023-11-27 13:17
ҮНЭН ШҮҮ АРДЧИЛСАН НАМЫН ЛАЛРУУД ХАМГИЙН ИХ ӨР ТАВЬЖ ӨӨРСДИЙНХӨӨ КОМПАНИУДЫГ УСАЛСАН ШҮҮ.
keyboard_arrow_up