Г.Сайханбаяр, С.Ганбямба нарт хариуцлага тооцооч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ !
Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу шалтгаан тодорхойгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй.
Тодруулбал, ЗХЖШ-аас “Талийгаач нь орой унтах командаар хэвийн унтсан ч өглөө 06:20 цагийн үед босох командаар босоогүй. Улмаар жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, эхний байдлаар шалгахад нас барсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өгсөн.
“Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нь хээвнэг хариулж, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдээс өмнө дүгнэлт гаргачихсан хэвлэлийнхэнд ярьж байх юм.
Ерөнхийлөгч нь ар гэрийнхэнтэй нь эмгэнэл илэрхийлж, салбар хариуцсан сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба хоёр таг чиг.
Жишээлбэл, өнгөрсөн 2022 2023 онд гэхэд 10 цэрэг амиа алджээ. Тухайлбал,
2022 оны 6-р сар: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай “Н” Цэргийн төв эмнэлэгт яаралтай тусламж авахаар ухаангүй хүргэгдэж, улмаар ходоодны мэс засалд орсон ч нас барсан.
2022 оны 7-р сар: "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид цэргийн алба хаагч нь Өмнөговь аймагт барилгаас унаж амиа алдсан.
2022 оны 8 сарын 1: Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.
2022 оны 8 сар: Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.
2022 оны 8 сар: Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгаас татагдсан 19 настай, байлдагч “Б” мод бэлтгэж байхдаа модонд цохиулан гэмтэл авч ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн.
2023 оны 9 сар: Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч өөрийгөө боомилж амиа алдав.
2023 оны 2-р сар : Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.
2023 оны 5 сар: Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдаад байсан 19 настай хүү учир битүүлгээр амиа алдав.
2023 оны 6-р сар : Төв аймгийн Алтанбулаг сум дахь 0119 дүгээр ангид алба хааж байсан 19 настай “Б” нь кросс гүйлтэд гүйх явцдаа ухаан алдаж, улмаар эмчлүүлж байхдаа амь эрсэдсэн.
2023 оны 11-р сар : Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу шалтгаан тодорхойгүй байдлаар амиа алдав.
НОЦТОЙ НЬ: Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй 2020 оноос хойш 10 цэрэг амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол гарлаа.
Удирдаж буй салбараа олигтой шинэчилж, сайжруулж чадахгүй, удаа дараа цэргийн алба хаагч амиа алдсан асуудлаас “хуурай” гарч буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртаа, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба хариуцлага тооцооч Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ ээ!