Монгол, Канадын дугуй ширээний уулзалт зохион байгуулагдав
Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, канадын талаас тус улсын Гадаад хэргийн Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп нар даргалж оролцов.
Дугуй ширээний уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа болон хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав. Уулзалтын үеэр мөн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар канадын талд танилцуулж, тус улсын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцлоо.
Уулзалтад холбогдох яамд, байгууллагын төлөөлөл оролцож, талууд салбар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан болно.
Канад Улс нь Хойд Америкийн орнуудаас Монгол Улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.