Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ компанид дахин БЭТ томилохоор боллоо
Засгийн газрын хуралдаанаар ярилцсан асуудал болон гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гадаад валютын мөнгөн урсгалын нэмэгдүүлэх зорилготой тогтоол 2022 оны 10 дугаар сарын 26-нд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байв. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоолыг гаргасан байдаг. Улмаар аравдугаар сарын 26-нд БЭТ-ийн ажиллах хугацаа дууслаа.
Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийн ажилласан байдлын танилцуулгыг хийж, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ компанийн хувь нэмрийг үнэллээ.
Цаашид компанийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэж, арваннэгдүгээр сарын 26-нд дахин Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг/БЭТ/ дахин томилохоор боллоо.
Ирэх сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна" гэв.