ЗГ: Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь  18 нас хүрээгүй хүүхэд байна

2023 оны 10 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.11/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэлсэн мэдээлэлдээ "Хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид асуудалд нухацтай хандаж, шүүлтүүртэй хандахыг хүсч байна. Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог бөгөөд гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод ямар нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг танилцуулъя.

Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.

Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь  18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ямар ял ногдуулж байна гэдгийг авч үзсэн. Үүнийг тоймловол, сүүлийн хоёр жилд нийтдээ 432 хүнийг гэм буруутайд тооцож, ял ногдуулсан. Ялтны 22.7 хувь нь буюу 98 нь өмнө нь ял шийтгүүлж байжээ. Бүх хэргийн шүүхийн шийдвэр дээр анализ хийхэд 2021 оны байдлаар 54.6 хувьд 10-15 жилийн хорих ял, 52.04 хувьд нь 2022 онд 10-15 жилийн хорих ял ногдуулжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах шаардлагатай гэдгийг нотолж байна. Магадлангийн асуудлыг сүүлийн 10 жилээр судалж үзэхэд, 2013-2023 оны хугацаанд сая дурдагдсан бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн гурван гэмт хэргийг нийт 3879 хүн суллагдсан байна. Эдгээр хүмүүсийн 52.9 хувь нь хүн алах, 45.4 хувь нь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 1.6 хувь нь авлига албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651675
0 эможи

keyboard_arrow_up