ТӨСӨВ 2024: 126 гишүүний сандал, ширээг бэлдэхэд 22 тэрбум төгрөг тусгажээ

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Ирэх оны төсвийг Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болсон хэмээн онцолж буй. Тэгвэл төсвийн төсөлд тусгагдсан онцлох агуулгуудыг та бүхэнд багцлан хүргэж байна.

-2024 оны УИХ-ын сонгуульд 39.5 ТЭРБУМ төгрөгийг зарцуулна-

Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ хэрээрээ сонгуулийн төсвийг олон нийт сонирхож буй. Тэгвэл 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг харин орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.

-126 гишүүний сандал, ширээг бэлдэхэд 22 тэрбум төгрөг тусгажээ-

2024 оны төсвийн төсөлд төрийн ордны хуралдааны танхимуудын их засварын ажилд 3 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 19 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы болон хуралдааны танхимыг 126 гишүүнд зориулан засаж, тохижуулахад 22.08 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.

-Халамжийн нэмэгдэлд 40 тэрбум төгрөг зарцуулна -

Мөн 2023 оны  долдугаар сараас эхлэн нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй хүнд олгох халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж тус бүр 288 мянган төгрөг байгааг нэгэн адил 325 мянган төгрөгт, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84.5 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмж 123.1 мянган төгрөг байгааг 275 мянган төгрөгт хүргэж тус тус нэмэгдүүлсэн. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 146.9 мянган хүн хамрагдсан  бөгөөд 40 тэрбум төгрөг зарцуулахаар тусгав. 

-Нэг удаагийн мөнгөн урамшуулалд  75.8  тэрбум төгрөг зарцуулна -

 Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасны дагуу 75.8 тэрбум төгрөг төсөвт тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651410
0 эможи

keyboard_arrow_up