Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!
Ээлжит авлигын дуулиан ногоон автобусны “но”-гоор түүчээллээ. Угтаа энэ нь дуулиан гэхээсээ авлигын бас гинжин холбоос илэрч гарч ирж байх шиг байна. Нийтээрээ хэд хоног үргэлжилсэн ногоон автобус тойрсон “задлан шинжилгээ”-ний дүнд “Автобусны худалдан авалтын ард авлига байна” гэсэн дүгнэлтэд хүрэв.
Ямар ч байсан талбай дээр гарч ирсэн, зогсоол дээр үлдсэн автобуснууд цоо шинэ биш, тэр ч байтугай “капитал” засварт ороод наашаа ачигдсан байж болзошгүй байна. Автобусны талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тайлбар өгсөн. Нийлүүлэгч компани, түүний түншийн зүгээс мэдэгдэл хийсэн.
Гэхдээ автобусны худалдан авалтыг “Нууцад хамаатай” гээд удаан хугацаанд нуусан. Энэ бол ард нь авлига байгаагийн л нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, маш том мөнгөн дүнтэй энэ худалдан авалтын араас том том улстөрчид гарч ирэхээр нөхцөл үүсэж байна. Захиалагч буюу төр, нийлүүлэгч буюу компанийн ард улстөрчид байгаа нь бараг л ил болж байна. Яагаав, “Оросыг маажвал татар” гэдэг шиг хаана хаанаас нь улс төрийн төлөөллүүд гарч ирнэ гэсэн үг. Тэр утгаараа, дээр хэлсэнчлэн авлигын бас нэг сүлжээ, бүлэглэл илэрч болзошгүй байгаа юм.
Ер нь бол "Нийслэлийн нийтийн тээврийн салбар "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" хоёрын эрхшээлд орсон" гэж эртнээс яригдсан. Энэ хоёр компанийг нийтийн тээвэртэй холбоотой төсөл, тендер болгонд зүтгүүлж байдаг улстөрчид ч дуулдсаар ирсэн. Тэгэхээр энэ бол нийслэлийн нийтийн тээвэр дэх авлигын сүлжээний нэгээхэн хэсэг гэхэд болно.
Хэвлэлүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтээс ирсэн даруйдаа ногоон автобусны наадах цаадах учрыг олуулахаар АТГ, ЭЦГ-ыг хөдөлгөлөө” гэж мэдээлж байна. Харин тэр эцсийг нь үзэж чадах уу. Эсвэл хэн нэг том улстөрч, нөлөө бүхий этгээд гараад ирэхээр гацчих уу. Ийм эргэлзээ байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг үгийг байнга хэлдэг. “Авлигатай тэмцэнэ” л гэдэг. “Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал”, “Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн”, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна” гэж ярьсаар ирсэн. Түүнийгээ санах ёстой. Тэгээд энэ ногоон автобусны худалдан авалтыг, цаашлаад нийтийн тээврийн салбарыг углуургаар нь ух, Ерөнхий сайд аа. Тэгж байж хэлсээр ирсэн үг чинь биеллээ олно.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин