Ж.Сүхбаатарыг сайдаас огцруулж, ШАЛГАНА
БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудтай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэгдсэн билээ. Эл сэдэвтэй холбоотойгоор өнөөдөр /2023.10.02/ МАН-ын дотоодод жинхэнэ халуун улстөр бужигнах нь.
Тодруулбал, МАН-ын бүлэг хуралдаж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Хотын Дарга Д.Сумъяабазар нарыг байцаах бололтой. Дараа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хаалттай хуралдах чигтэй байна.
Харин нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ногоон автобусыг худалдан авч нийлүүлсэн ажилд авлигал орсон эсэхийг эхний ээлжинд шалгахыг үүрэгджээ. Энэ дагуу АТГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч, шалгалтын ажлыг эхэлсэн.
Тухайлбал, урд шөнө "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирлууд, НХААГ-ын хоёр ажилтныг саатуулжээ.
Мөн түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг явуулах байдлаар Засгийн газар бүтцээ өөрчилөх хувилбар яригдаж байна.
Учир нь өнгөрсөн хугацаанд Ж.Сүхбаатар хамаг анхаарал, хүчээ нийтийн тээврийн парк шинэчлэлд чиглүүлсэн гэхэд болно. Харамсалтай нь, нэг ширхэг нь хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх 80 ширхэг ногоон автобус үйлчилгээнд гаргахаар оруулж ирсэн нь "хуучин" байсан нь анхаарал татаж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг автобусыг "Тэнүүн-Огоо" компанийнхан БНСУ-аас оруулж ирсэн байдаг. Тэдний балаг илэрч холбогдох албан тушаалтан, дарга нарыг АТГ-аас ийнхүү цагдан хориод байна.