Дугаарын хязгаарлалт дууслаа, Ж.СҮХБААТАР САЙД АА
Дугаарын хязгаарлалтгүй зорчвол нийслэлийн авто замууд "тэг зогсолт" хийх эрсдэлтэй гэсэн тооцоо гарсан. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гурван долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Тэгвэл эл хэрэгжилтийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар болох юм.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг түгжрэлийг бууруулахын тулд үр дүнтэй ажил хийхгүй байна хэмээн олон нийт шүүмжилдэг.
Тэгвэл дарга нарын түгжрэлийг сааруулах дараагийн хувилбар юу вэ, ядаж нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх үү гэдгийг тодруулахаар удаа дараа хандсан боловч оновчтой тайлбар авч чадаагүй. Цаашид авах арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд Ж.Сүхбаатар сайдаас асуухад дараах тайлбарыг өгсөн.
Ж.Сүхбаатар "Юуны духанд хүрэлгүй шүүмжлээд байхаар ажил нь саатдаг. Заримд нь ч далим болдог. Намайг шийдчихвэл түгжрэл буурах юм шиг ярьдаг. МУ-ын Ерөнхий сайдад асуудлыг тавих ёстой. Би ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Чадлаараа ажиллаж байгаа. Ерөнхий сайд "бодлого чинь буруу байна" гэж өнөөдрийг хүртэл нэг ч хэлээгүй.
Сар бүр түгжрэлээр үр дүн ярих нь ажил биш. Улаанбаатар хот хэзээ цэгцэндээ орно тэр цагт зөв замдаа орно" хэмээв.
Түүний энэ хэлсэн тайлбараас харахад, 2023 онд түгжрэлийг бууруулахаар төсөвлөсөн 420 тэрбумаар зүгээр л тоглож дуусгахаар шийдсэн гэлтэй.
Иргэд тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой хэмээн үүрэгдсэн хэдий ч ирэх автобус хуруу дарам. Ирсэнд нь багтаж суух хүн цөөхөн байгаа нь гунигтай.
Арга ядсан иргэд алхаж замаа хороосоор, ажлаасаа хоцорсоор...Яармагийн замын нэгдүгээр эгнээгээр автобус л зорчих ёстой болгож өөрчилснөөр сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр л болов. Автобус нь ирэхгүй, такси нь зогсох боломжгүй.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын багцад “Нийтийн тээврийн парк шинэчлэлт”-ийн хүрээнд 318 тэрбумыг нь төсөвлөсөн. Үүнээс энэ онд “Евро-5” хөдөлгүүртэй 600, цахилгаан 160, дунд багтаамжийн 50 гаруй автобус оруулж ирэхээр төлөвлөсөн. Гэтэл тэр автобуснууд өнөөдрийг хүртэл хаана байгаа нь ойлгомжгүй байна.
Ийм байхад энэ хэмжээний түгжрэл маргааш эргэн ирнэ. Энэ үед салбарын сайд, хотын дарга нар тэг зогсоход бэлэн үү?