“Сүүний урамшууллыг 1000 төгрөг болгож, хөрөнгө оруулалтын зээлийг түлхүү олгоно”
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Төв түмний сүүн соёл-2023" арга хэмжээ Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээгээр сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн чуулган болж, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Тус арга хэмжээнд:
- УИХ-ын гишүүн, ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун,
- УИХ-ын гишүүн Ц.Туваан,
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн,
- Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа,
- Төв аймгийн ХБТХОХ-н дарга Д.Саран-эрдэнэ,
- Төв аймгийн ХХААГ-н дарга Н.Гантулга нар оролцлоо.
Энэ үеэр сүүний аж ахуй эрхлэгчдэд төр засгийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэхийг хүсэн уриалга гаргасан юм. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун санал, хүсэлтүүдийг хүлээн аван сүүний урамшуулал 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгох, хөрөнгө оруулалтын зээлийг түлхүү олгож эхлэхээ амлалаа.
Төв аймаг нь зах зээлд 90 сая литр сүү нийлүүлдэг байсан бол өнгөрсөн 2022 оноос эхлэн жилдээ 100 сая литр сүү нийлүүлдэг болж "Төв түмний сүүн соёл" сүүний баярыг 2 дахь жилдээ зохион байгуулж буй. Тус арга хэмжээнд нийтдээ 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцлоо.