“ТҮГЖРЭЛИЙН“ сайдаар ажилласан 1 жилийн ҮР ДҮН намар гэхэд НҮДЭНД ХАРАГДАНА гэв
Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухайд 5 гол бодлогын асуудлаа танилцууллаа.
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар " Миний хувьд 2022 оны есдүгээр сараас ажлаа хүлээж авсан. Үндэсний хороо бол шинэ хороо биш. Ерөнхий сайд тэргүүлж байсан. Улмаар өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад хариуцуулсан байдаг. Түүний дараа нь яамгүй сайд хариуцаж байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд шийдээд намайг томилсон гэж хэлж болно.
Багцлаад хэлбэл миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээвэр гэх бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг.
Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийдэл нь эдийн засгийн механизмд Улаанбаатар хотыг оруулах. Татварын бодлогоос эхлэх. Мэдээж захиргааны арга. Үүнд дугаарын хязгаарлалт орно. Нөгөө талаар иргэд нийтээрээ түгжрэлд хувь нэмрээ оруулах буюу хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иймд тайлбарлан таниулах ажлыг ч бид хийж байна. Сүүлийн үед хөдөө явж амьдарвал сайн байна гэсэн агуулгыг сурталчилж байгаа.
Бидний бодлого тодорхой болсон. Хувийн автомашиныг дэмжихгүй нь тодорхой. Ажлаа авсны дараа бидэнд сонголт байхгүй байсан. Тийм болохоор сайн сайхан юм ярих боломжгүй байлаа. Миний гол үүрэг эхний сонголтыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Иймд автобус, хувийн автомашин хоёрын байрыг солих, эсвэл ядаж тэнцүүлэх хэрэгтэй байна. Хувийн автомашиныг аль болох хязгаарлах шаардлагатай гэсэн үг.
Эцэст нь онцлоход Монгол Улсын сайдаар ажилласан 1 жилийн хугацаанд бодит үр дүн энэ намраас Нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ. Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна" гэлээ.