“Рио Тинто“ групп Оюу толгой төслийн хүрээнд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийж байна
РИО ТИНТОГИЙН УРИЛГААР ДЭЛХИЙН ТОП 45 САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛД ИРЭВ
Рио Тинто компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг “Үндэсний Их Баяр Наадам”, “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023” арга хэмжээнд оролцохоор 7-р сарын 8-14-ний өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд зочилж байна.
Энэ хүрээнд бид Монголд JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчдийг урьж авчирлаа.
Тус үйл явдал нь 2023 оны 3 дугаар сард Оюу толгойн Гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн түүхэн амжилтын дараа болж буйгаараа онцлогтой бөгөөд 10 гаруй жилийн дараа хөрөнгө оруулагчид хамгийн өргөн бүрэлдэхүүнээр Монголд ирж буй юм.
Рио Тинтогийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон тэргүүтэй төлөөлөгчид “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023”-ын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэлж, салбар хуралдаануудад панелистаар оролцохоос гадна төр, засгийн тэргүүн, дотоодын бизнес, банк санхүүгийн салбарынхантай уулзана.
Мөн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн Группийн захирал Баатарын Болд нар хэвлэлд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Энэхүү үйл явдлыг дотоодын болон олон улсын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд сурвалжилна.
Бид 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн хүрээнд өгсөн амлалтдаа хүрч Оюу толгой төслийг амжилттай урагшлуулахын зэрэгцээ Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжийг нээж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ойр хамтран ажиллаж байна.
Оюу толгой төслийн хүрээнд бид 2010-2022 онд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж эдийн засаг, нийгэмд хувь нэмрээ оруулж буй юм. Цаашид 2028-2036 онд Оюу толгойн үйл ажиллагаа оргил үедээ хүрснээр жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсийн зах зээлд 4 дэх том тоглогч болж, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь өсөх хүлээлттэй байна.
Рио Тинто нь дэлхийн 35 оронд 52 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид 150 жилийн түүхтэй бөгөөд Монголд “Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшиж, хөрөнгө оруулалт, менежментийг хариуцаж байна.
Рио Тинто группээс Монголд албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд болох Рио Тинто Монгол ХХК-ийг 2018 онд байгуулж, нийгмийн түншлэл, Засгийн газар, оролцогч талуудын харилцааг анхаарч ажиллаж байна. Үүнд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, менежмент, геологи хайгуул, Монгол Улсад явуулж байгаа бизнес хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд үзүүлэх бизнесийн 17 төрлийн үйлчилгээ хамаардаг. Мөн нийгэмд хөрөнгө оруулж “Паркаа хамтдаа бүтээе” болон соёлын өв, байгаль орчин, боловсролыг дэмжсэн томоохон төслүүд хэрэгжүүлж байна.