МЭЗЧ 2023: Дэлхийн хөрөнгө оруулалтын анхаарлыг Улаанбаатарт чиглүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монголын эдийн засгийн чуулган-2023"-ыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгаа илүү төрөлжүүлж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Манай улсын экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын гуравны хоёр нь энэ салбарт хамаарч байна.
Тиймээс үе үеийн Засгийн газрууд нэг сектораас хэт хамааралтай эдийн засгийг солонгоруулах бодлого хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл бид тодорхой үр дүнд хүрээгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөөс татгалзах, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх" гэх гурван чиглэлд бодлогоо тодорхойлж буй. Улмаар дараагийн Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрийг бий болгож, эдийн засгийг сууриар нь тэлэх амбийцаа олон улсад зарласан.
Энэ ч утгаараа Ерөнхий сайд "Монголын эдийн засгийн чуулган-2023"-ын нээлтэд оролцохдоо "Хөрөнгө оруулалт гэдэг бол бие биенээ илүү таньж мэдсэн харилцан итгэлцэл, харилцан хүндлэл дээр тогтддог" гэдгийг тодотгосон юм. Харин Рио Тинтогийн хувьд Монгол Улсад урт хугацаанд илүү тогтвортой, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах сонирхлоо "Хөгжилд хамтдаа" гэх шинэ уриа үгээр тодорхойлох болсон.
"МЭЗЧ-2023"-д оролцож буй банк, санхүүгийн салбарын аварга загас 45 компанийн удирдаж буй нийт хөрөнгө, хөрөнгө оруулж, хэрэгжүүлсэн төслүүдийн үр өгөөж дэлхийн нийт эдийн засагт үлэмж хэмжээг эзэлэх аж.