Л.Энх-Амгалан: Нэг ангид 45-аас илүү хүүхэд суралцахгүй
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд гурван ээлжээр суралцах эрсдэл үүсээд буй нөхцөл байдалд дунд болон урт хугацааны шийдлийг хэлэлцлээ.
Жил бүр 70 мянга гаруй 6 настан шинээр элсэн ороход 12-р ангийн 35 мянган хүүхэд төгсдөг ба хүүхдийн тоо, ачаалал 35 мянгаар нэмэгддэг тул гурван ээлжид орох эрсдэл үүсдэг. Жилд шинээр 20 сургууль ашиглалтад ороход шинэ хүүхдүүдийн 40 хувийг л хангахаар байгаа юм.
2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуулийн 33314 сурагч, 17 аймгийн 34 сургуульд 4379 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн тул зургаан шийдлийг гаргалаа. Үүнд:
- Сургуулиудад шинээр өргөтгөл хийх, барилгын ажлыг эрчимжүүлэх
- Банкны барьцаанд байгаа хураагдсан барилга, объектуудыг сургуулийн зориулалттай ашиглах
- Хамран сургах тойргийг шинэчлэх, нэг ангид 45-аас дээшгүй сурагчтай байх
- Их дээд сургуулиудын харьяаны ахлах сургуулийн бүтцийг өөрчлөх
- Боловсролын салбарт цахим платформыг ашиглана
- Ирэх жил нэмж 200 туслах багш, нийт 424 багшийг ажиллуулна.
Ингээд 2023-2026 онд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж чадвал гурван ээлжээр хичээллэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ." гэв.