Шинэ Хархорум хотын нарийвчилсан судалгаа, нисэх онгоцны буудлын төлөвлөлт зэргийг хэлэлцлээ
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаварын хүрээнд ажлын хэсэг хуралдаж, нарийвчилсан төлөвлөгөө, ЗГ-ын тогтоолын төсөлд санал авч нэгтгэв.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж, шинэ хотын нарийвчилсан судалгаа, байр зүйн зураг, авто замын сүлжээ, нисэх онгоцны буудлын төлөвлөлтийг хэлэлцэж тогтов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалтыг сайжруулах төсөл”-н урьдчилсэн судалгааны багийг хүлээн авч уулзаж, судалгааны ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.
“Сэлбэ сэргэлт” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, авто замын трассын зураг төслийг эцэслэн боловсруулж холбогдох аж ахуй нэгж байгууллагуудтай зөвшилцөн баталгаажуулав.
“Нийслэл, 21 аймгийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн цахим системийг нэвтрүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлалаа.
“Солонго 1, 2 орон сууцны хороолол барих” төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын хүрээнд БНСУ-ын Экспорт-Импортын банкнаас өгсөн зөвлөмжийн дагуу төслийн зөвлөх Mooyoung-ын зөвлөх багтай хамтран санхүүгийн саналд нэмэлт тодруулга авч, санхүүгийн эцсийн үнэлгээний тайланг, холбогдох нэмэлт материалын хамт БНСУ-ын Экспорт-Импортын банкинд дахин хүргүүлэв.
“Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал" сэдэвт форумыг зохион байгуулав.
Өмнөговь аймгийн 15 сумын газрын даамлуудыг хамруулан сургалт хийж, Сумын Засаг даргын захирамжаар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгогдсон 1,800 орчим нэгж талбарын бүртгэл болон нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дата төв, ГЗБГЗЗГ-ын дата төвийн хооронд мэдээлэл солилцох сервисийн доголдол үүссэн асуудлыг хамтран засварлав.
БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв нь 2023 онд Улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 524 обьектод захиалагчийн техникийн хяналтыг хийж байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 9 аймагт ажиллаж, Сүхбаатар аймгийн цэвэрлэх байгууламж, СХД-т 150 ортой цэцэрлэгийн өргөтгөл, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн их засвар гэсэн 3 ажлыг Улсын комисст хүлээлгэж өгсөн байна.
Төрийн орон сууцны корпорацийн хувьд Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэн авах, тус зээлээр баталгаажсан бонд гаргаж солилцох бэлтгэл ажлыг хангаж байна.
Төслийн нэгжүүд дээр төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг нэгжийн удирдлагууд мэдээлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ажлын хэсгүүд удаашралтай ажиллаж байгааг анхааруулж, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- Ажлын хэсгүүд яаралтай хуралдаж, ажлаа шуурхайлах;
- "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-ний боловсруулалтыг түргэвчлэх;
- Ипотекийн зээлийн санхүүжилтийг ЗГ-т шилжүүлэхтэй холбоотой ажлыг эрчимжүүлж шийдвэрлэх;
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг шуурхайлах;
- Барилгын тухай хууль болон Орон сууцны тухай хуулийн төслүүдийг танилцуулах;
- Дотор орчны будаг болон бусад заслын материалд хяналт тавьж, норм, стандартыг хангуулах;
- Хархорум, Хөшигийн хөндийн шинэ хотуудын ажил байдал, "Сэлбэ сэргэлт" төсөл, "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-ний ажлуудтай сайд Ц.Даваасүрэн газар дээр нь биечлэн танилцах ажлыг зохион байгуулах.