Элчин сайд У.Нямхүү Монако улсын Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Монакогийн Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ барив.
Парис дахь Монгол Улсын ЭСЯ Монако улсыг хавсран ажилладаг байна.
Манай улс тус улстай 2008 оны тавдугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.
Монако улсын Хан Хоёрдугаар Альберт 2008 онд, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирал, Дэд сайд Изабель Розабрунетто 2018 онд Монгол Улсад айлчилсан байна.
Хоёр улсын хамтарсан археологийн судлаачид “Хойд Тамир-Хүнүй” 2006 оноос Архангай аймгийн хойд Тамирын голын хөндийн чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүрэл, түрүү төмрийн үеийн түүхэнд холбогдох булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, 2013 оноос Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт орших Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газарт суурин судалгаа хийж байгааг ЭСЯ мэдээлжээ.