Б.Жавхлан: Төсвийн орлого нэмэгдэж байгаа л бол цаг алдалгүй “өрхийн орлогыг“ дэмжих хэрэгтэй
УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлсэн.
Энэ үеэр Сангийн сайд Б.ЖАВХЛАН "Бид сүүлийн гурван жил тэтгэвэр, цалинг олигтой нэмж чадаагүй. Маш хүнд нөхцөл байдлаас одоо гарч ирж байна. Инфляцийг задалж ярих юм бол 70 хувь нь гаднаас импортолж авч ирдэг. Энэ бол манай гадаад худалдааны өнөөдрийн үнэн, гажуудал.
Дотооддоо бид үйлдвэрлэж чаддаггүй гэсэн үг. Энэ 30 гаруй жилийн бүтцийн гажуудлаас үүссэн үнийн өсөлтийг ард иргэд нуруундаа үүрч явах учиргүй юм. Хэрэв бид газрын баялгаасаа мөнгө олж байгаа бол, төсөв орлого нэмэгдэж л байгаа бол цаг алдалгүй цалин, тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Өрхийн орлогыг дэмжихээс өөр аргагүй, дэмжих хэрэгтэй. Цаашид оройтно. Тиймээс боломж гарч байгаа хамгийн эхний цагт л ийм арга хэмжээг авч байгаа юм. Энэ удаагийнх бол тодотгол шүү. Тиймээс бүх асуудлыг нэг доор шийдэж чадахгүй. Тулгамдсан, эргэж харах зүйлээ л үзүүрээс нь шийдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй" хэмээлээ.