АМГТГ-ын зардлаар бас л дарга нарын хүүхдүүд гадаадад СУРСАН УУ
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил болгосон.
Тусгай сангуудаас Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтийн шүүмлэлийг дагуулаад буй. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн үр хүүхэд, төрөл садангаа боловролын зээлийн сангаар сургаж, тухайн зээлээ эргэн төлөхгүйгээр тэглүүлж байгаа нь жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ёс зүйгүй үйлдэл. Тиймээс уг зээлээ буцаан төлөх ёстой хэмээн иргэд шаардаж байгаа.
Гэхдээ ганцхан БЗС-аас гадна төрийн өмчит компаниуд, байгууллагууд ч мөн боловсролын зээл болон буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Тухайлбал, ИНЕГ, Ашигт малтмал газрын тосны газрын тэтгэлгээр гадаадад сурсан хүмүүсийн жагсаалт хардлага төрүүлж байна.
АМГТГ-ын Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд 2000 оноос хойш 226 хүн гадаадад суралцжээ
Тэгвэл Ашигт малтмал газрын тосны газар Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд сургалтын тэтгэлэг олгож, гадаадад сургадаг байна. Тус тэтгэлгийг 2000 оноос өгч эхэлсэн бөгөөд нэг хүүхдэд 8100-25000 мянган ам.долларын тэтгэлэг олгодог аж. Харин цар тахлын улмаас сүүлийн хоёр жил сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа гэдгийг тус газрын дарга хэлсэн юм.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийтдээ 226 хүнд тэтгэлэг олгосон аж.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тус газрын тэтгэлгээр сурсан хүмүүс 25,000$ буюу одоогийн ханшаар 87 сая төгрөгөөр сурах хязгааралтай байсан боловч зарим нь 300’000$ буюу одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөгөөр сурсан хүмүүс ч бий гэх мэдээлэл байна.
Мөн тус газрын сургалтын санд АТГ-аас шалгалт орсон бөгөөд дарга нар нь хамаарал бүхий хүмүүсээ сургалтын тэтгэлгээр гадаадад сургасан эсэхийг шалгаж байгаа аж.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.