ЭМДС Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг байршуулж байжээ
Шилэн ажиллагааны хүрээнд төрийн оролцоо бүхий тусгай сангуудыг мэдээлэл нээлттэй болгосоор байна.
Тухайлбал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан 2018-2022 оны санхүүгийн зарцуулалтын байдлыг нээлттэй байршуулсан юм.
Тэгвэл 2018 онд тус сангаас Капитал банкны хадгаламжийн дансанд 128 тэрбум төгрөг, харилцах дансанд 3.8 тэрбум төгрөг байршуулж байжээ.
Энэ нь 2018-2022 оны хооронд банканд байршуулсан мөнгөн хөрөнгийн 5.64 хувийг эзэлж буй юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд байршиж байсан мөнгөн хөрөнгө тус банк дампуурснаар эрсдэлд ороод байсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Капитал банкийг татан буулгаснаас хойш гурван жилийн хугацаанд төрийн 26 байгууллагын 108.7 тэрбум төгрөг, ААН, иргэдийн 130.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулаад байна. Үүнээс ЭМДС, НДС-ийн өр төлбөрөөс мөнгөн хөрөнгөөр 16.6 тэрбум, хөрөнгөөр 61.5 тэрбум нийт 78.1 тэрбум төгрөгийг барагдуулсан гэж мэдээлж байсан.