Л.Оюун-Эрдэнэ : Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "5Ш" ажиллагааг явуулж олон жил далд, нуугдмал эдийн засаг болон хувирсан "тусгай сан"-гуудын мэдээллийг олон нийтэд задлаад байгаа билээ. Ингэснээр иргэд, олон нийтийг бухимдуулах, тэдний төсөөлснөөс ч өөр дарга нарын нийгэм тогтсон байсан нь шүүмжлэлийг дагуулаад буй.
Бухимдсан, итгэл алдарсан иргэд ҮХОӨ-ийг эсэргүүцэж, авлига хээль хахууль УИХ-ын гишүүдээ дагаад нэмэгдэнэ хэмээн санал, шүүмжлэлээ илэрхийлж буй.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ард иргэддээ хандан "Мэдээллүүд ил болж нийгмийг бухимдуулж байгаад хүлцэл өчье. Гэхдээ ил болоогүй бол системийн авлига хичнээн олон жил бидний боломжийг шимэгчлэн хулгайлах байсныг хэн ч таашгүй. Өнөөдөр бид сонсохыг, итгэхийг хүсэхгүй үнэнтэй нүүр тулж байгаа ч, нөгөө талдаа бүх зүйл ил тод, нээлттэй, цаашид олны хяналтан доор явах суурь тавигдана гэж найдаж байна. Одоо цаашид өшөө ч олон хулгай, далд эргэлдэх тэрбум тэрбумын авлигыг сөхөж гаргаж ирнэ. Далд байсан зүйл ил болж, хяналттай болно гэдэг нийгмийн сайн үзэгдэл юм" гэжээ.