О.Сийлэгмаа : Би Л.Энх-Амгалан сайдад БЗС-ийн зөрчлийн талаар жилийн өмнө хэлсэн, тэгээд бүтцийн өөрчлөлтөөр халагдсан даа
БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нь олон нийтэд Боловсролын зээлийн сангийн талаар өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас эхлэн шүгэл үлээсэн билээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Би Боловсролын зээлийн санд ажиллаж байхдаа аудитын дүгнэлтээр ийм айхтар зөрчлүүд байгаад байна гэж өнгөрсөн оны 05, 07 дугаар сард хэлж байсан. Итгэхгүй бол сайд та вайбэраа нэг шалгаарай. Миний өгсөн тайлан мэдээг ч харж болно. Мөн ийм олон хууль зөрчсөн асуудлууд байна гэж БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Цэвэдсүрэнд хүртэл хандсан. Албан ёсоор удаа дараа хандаад байхад яамны сайд, дарга нар нь өөрсдөө ил гаргахыг хүсээгүй хав дараад байсан нь нууц биш. Боловсролын зээлийг олгохдоо нэр нь огт орж ирээгүй хүнд хүртэл мөнгө шилжүүлсэн байсан. Энэ бүх "жонхуу"-г Гарди л хийсэн байх. Сайд нарынхаа захиалгаар Гарди өнөөдрийг хүртэл будлианыг хутгалцсан гэж харддаг. Бүхэл бүтэн хоёр жилийн зөрчлийг илрүүлчихээд байхад Л.Энх-Амгалан сайд өөрөө мэдэж байж, ил гаргахгүй явсаар намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халсан" гэв.
Олон талын мэдээллийн байр суурьнаас харахад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн хүссэнээр уг мэдээллийг ил болгоогүй, харин Ерөнхий сайдын "шил" ажиллагаанд шахагдан аргагүйн эрхэнд мэдээллээ өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн харж байна. Түүгээр зогсохгүй түүний дүү, эхнэр ч мөн БЗС-гаас зээл аваад тэглүүлсэн нь баримтаар ил болоод буй.
Дашрамд дурьдахад 1997 оноос хойш БЗС-гийн зээлээр 2,368 иргэн, Засгийн газар хоорондын тэтгэлгээр 1,000 гаруй оюутан суралцсан байдаг. Энэ тэтгэлэг одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өмнөх жилүүдээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, буцалтгүй шинжтэй санхүүжилт зэргээр улам нэмэгдэх аж.