Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын гэрээнд гарын үсэг зурна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны өвлийн олимпын нээлтэд оролцсоноос хойш урд хөршид айлчлаагүй. Тэгвэл энэ сардаа багтаан БНХАУ-д айлчлал хийх юм байна. Айлчлалын үеэр 1955 онд БНХАУ-тай байгуулсан төмөр замын гэрээнд өөрчлөлт оруулж, гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
Тэрээр "Ханги боомтыг хилийн цаана байгаа БНХАУ-ын төмөр замтай холбохоор тус улсын талтай яриа хэлэлцээ хийх ажил эрчимтэй шуурхай явж байгаа. 1955 оны төмөр замын гэрээнд зөвхөн Замын-Үүдийн боомтоор хоёр улс төмөр замаар холбогдохоор тусгасан байдаг юм. Үүн дээр нэмээд Ханги, Гашуунсухайт, Бичигтийн боомт нэмэгдэнэ. Энэхүү өөрчлөлтийн гэрээнүүдэд Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр гарын үсэг зурахаар ажиллаж байна.
Гашуунсухайтын төмөр замын тухайд зөрсөн гэж яриад байгаа хэсгийн зураг төслийг гаргаж холбох ажил үлдээд байгаа. Үүнийг энэ ондоо багтааж хийнэ. Бичигтийн төмөр замыг концессоор гүйцэтгэхээр хувийн хэвшилд өгөөд ажил нь эхэлж байгаа. "Улаанбаатар төмөр зам"-ын ачаа тээвэр одоо 30 сая тонн байгааг нэмж 60 сая болгоод бусад боомтуудаа БНХАУ-тай төмөр замаар холбохоор ажиллаж байна" гэсэн юм.