Д.Ончинсүрэн: Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзлаа.
Уулзалтаар дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцав.
Энэ үеэр "Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна. Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна.
Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна.