Д.Амарбаясгалан: Парламентын гишүүдийн тоог 152 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг ҮХНӨ-ийн төсөлд тусгалаа
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуудан Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг орууллаа.
Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль юм. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа.
Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай. Тэгвэл өнөөдрийн Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог юм.
Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг. Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна" гэдгийг онцоллоо.