Б.Мөнхжинг Канадад суух ЭЛЧИН САЙДААР томилохоор яригдаж байна
Монгол төрийн босго өндөр байх ёстой. Гэвч нам дагасан томилгоо Монгол төрийн босгыг эрх ашиг, өнгө үзэмжээр шийддэг болоод удаж буй.
Үүний нэг жишээ нь Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Мөнхжин Канад улс руу элчингээр очих хүсэлтээ намынхаа удирдлагуудад илэрхийлээд байгаа аж. Удахгүй түүний асуудлыг шийдэхээр хүлээгдэж буй.
Б.Мөнхжингийн хувьд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын туслахаас эхлээд МАН-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ингээд тэрбээр гэрлийн хурдаар 2020 онд Гадаад хэргийн Дэд сайдаар томилогдсон боловч 2022 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдсөн билээ. Чухам ямар шалтгаанаар чөлөөлөгдсөн талаар МАН дотор хэд хэдэн албан бус яриа өрнөсөн. Түүнийг гадаад хэргийн сайд болох амбицтай байсан учраас сайд Б.Батцэцэгтэйгээ таарамжгүй байсан гэх яриа бий. Мөн тэрбээр Дэд сайдын албан тушаалаа голж тамга, гарын үсэгтэй албан тушаал горилж, өөр албан тушаалд томилогдох хүсэлтэйгээ ах нартаа илэрхийлсэн гэх ч яриа Гадаад хэргийн яаманд дотор гараад удаж буй.
Уг нь тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэх энэхүү албан тушаал нь дипломат албаны дээд албан тушаал юм. Уг албан тушаалд тус албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад улсад олон Элчин сайдаар томилогдсон мэргэжлийн дипломатуудыг тодорхой асуудал хариуцуулан тодорхой хугацаанд л томилдог.
Гэвч МАН-ын ах нарынхаа татаасаар хүссэн хэн бүхэнд нээлттэй "Ямбаны суудал" болон хувирах цаг ирдэг юм байжээ!!