“Эрдэнэс Монгол“ ХК-ийн 26 охин компанид 270 орчим ТУЗ-ийн гишүүн ажиллаж байсныг 43 гишүүн болгож өөрчилнө
"Эрдэнэс Монгол" ХК-ийн өөрчлөн байгуулалттай холбоотойгоор дүрмийн өөрчлөлтийг дахин сайжруулалт хийсний үндсэн дээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт хийх үүрэг даалгавар өгчээ.
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Монгол" ХК-ийн 26 охин компанид 270 орчим ТУЗ-ийн гишүүн ажиллаж байсныг дүрмийн өөрчлөлтөөр нийтдээ ТУЗ-ийн 43 гишүүн ажиллахаар болж байгаа юм.
Тухайлбал,
- "Эрдэнэс Монгол" ХК ТУЗ-ийн 11 гишүүнтэй
- "Эрдэнэс Тавантолгой" ХК ТУЗ-ийн есөн гишүүн
- "Багануур" ХК ТУЗ-ийн 11 гишүүнтэй
- "Шивээ-Овоо" ХК ТУЗ-ийн есөн гишүүнтэй
- "Эрдэнэс ассет менежмент" ХХК ТУЗ-ийн гурван гишүүнтэйгээр ажиллахаар болж байна гэдгийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдэв.
Тэрбээр "Өмнө нь ТУЗ-ийн 270 гишүүн ажиллахад тэдний цалингийн зардал нь жилдээ хоёр орчим тэрбум төгрөг байсан бол өөрчилсний үр дүнд 0.5 тэрбум төгрөг болж, цалингийн зардлыг 75 хувь хэмнэж байгаа.
"Эрдэнэс Монгол" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус таван гишүүнийг сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа" гэв.
Мөн ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын, нэг албан тушаалтан хэд хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-д ажиллаж байгааг хэрхэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Компанийн ТУЗ-д төрийг төлөөлөн холбогдох яам, ЗГХЭГ-ын төлөөлөл орох нь журмаараа зохицуулагддаг. Энэ дагуу төрийн өмчийн компаниудын ТУЗ-д яамдын газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга нар яамаа төлөөлж ордог. Хувь хүний хүсэл сонирхол гэхээс илүү яамны томилгоогоор очиж ажилладаг. Харин Засгийн газраас ТУЗ-ийн гишүүнийг сонгон нийтлэг журмыг баталсан. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар мөн журмыг хэрэгжүүлнэ. ТУЗ-ийн гишүүдийн тоо эрс цөөрснөөр нэг хүн олон газарт ТУЗ-ийн гишүүний эрхийг хэрэгжүүлдэг байдал таслан зогсоогдоно.
Цалин урамшууллын тухайд тогтмол цалин авдаг байсныг болиулж, сард, жилд хэдэн удаа хуралдаж байгаагаас хамаарч цагийн хөлсийг нь тооцон олгох хэлбэрт шилжсэн" гэлээ.