ТАНИЛЦ: Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж буй БОДЛОГО,ЗОРИЛТУУД
2023 оны 4 сарын 03
2023 онд 393.0 мянган га-д үр тариа, үүнээс 369.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө, аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32.0 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийтдээ 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна.
УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж шаардагдах санхүүжилтийг шийдвэрлээд байна.
Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг 30 хувиар хөнгөлж, дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна.
Хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн 50 хувийг ногоочдод буцаан олгоход зориулан 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байна.
Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна.
Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий ил талбайн болон хүлэмжийн ногооны үр нийлүүлж, үнийг 80 хувиар хөнгөлөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан олгохоор шийдвэрлээд байна. Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж,эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр хүнсний ногоо тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ сүүлийн 2 жилд 40 шахам хувиар өсөж голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрч байна.
Хүнсний нарийн ногоо тариалах 20 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй, 200-2500 тонн багтаамжтай механикжсан агуулахын нэг маягийн зураг төслийг үндэслэн орон нутагт баригдах газар тариалангийн зориулалттай барилга байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40.0 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас байгуулах дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоо рулсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь зэрэг 5 аймагт байгуулж байна.
Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх зорилгоор Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахаар зураг төсөв суурийн барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн намраас эхлэн Монголын тариаланчдын үндэсний холбоо, Агрономчдын холбоотой хамтран улаанбуудайн өөрийн өртгийг тооцож,борлуулах үнийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлсэн бол энэ хаврын тариалалтын өмнө тариалангийн бүс нутгуудад шинэ залуу тариаланчдад зориулсан сургалт, талбайн өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Улмаар хамтарсан сургалтуудыг технологийн хугацаанд үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645838
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс