Л.Оюун-Эрдэнэ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хоёр гишүүнээр тогтохгүй
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулах гишүүдийн тоо хоёроор тогтохгүй гэдгийг хэлсэн. Тэрээр “Одоогоор хоёр УИХ-ын гишүүн /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учир орон байранд нь үзлэг, нэгжлэг хийж болохгүй. Би прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, шүүх дээр очоод ялла гэж чадахгүй. Ийм нийгэм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй, УИХ нууц санал хураалт явуулна.
Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой." гэсэн юм.