Г.Өнөрбаяр: Бүх төрлийн орлогоос НДШ авна гэдэг бол ташаа мэдээлэл. Тийм жишиг Монголд байтугай дэлхийд ч байхгүй
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан сүүлийн үед бүх төрлийн орлогоос НДШ авна гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл энэ талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.
Тэрээр “Уг хуулийн төсөл нь иргэд болон даатгуулагчдад ашигтай гэж ойлгож болно. Зохицуулалтыг хийхийн тулд иргэд, олон нийтийн бүх саналыг тусгасан. Иргэдийн бүх орлогоос НДШ авна гэдэг бол ташаа мэдээлэл. Тийм жишиг Монголд байтугай дэлхийн хэмжээнд ч байхгүй.
Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо болон олон давхарга тэтгэврийн тогтолцоонд нэвтрэх зохицуулалтууд хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор одоо мөрдөж байгаа хуулийн зүйл заалтуудаас өөрчлөлт хийсэн зүйл байхгүй. Нас, орлого, шимтгэлтэй холбоотой заалтууд хэвээр мөрдөгдөж байгаа юм. Одоогийн хуулинд НДШ-ыг цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой уялдуулж авахаар заасан байдаг.
Нийгмийн даатгалын бодолт буюу тэтгэврийг яаж тогтоох асуудалд илүү шударга зарчмаар, цаашид тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогын хувилбарууд яригдаж байгаа. Тэтгэврийн хувь хэмжээ 45 хувь байсныг бууруулсан гэдэгт хариулт өгөхөд энэ нь 1979 оноос хойш төрсөн хүмүүст хамаарахгүй. Эдгээр хүмүүсийн тэтгэвэр өөр аргаар бодогдоно. Гэхдээ 2029 оноос хэрэгжиж эхэлнэ. Эсвэл хугацааг нь хойшлуулж ч магадгүй. Мөн улсад олон жил ажилласан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ өндрөөр тогтоогдох бодолтыг энэ төсөлд тусгаж өгсөн.
Мөн 1979 оноос хойш төрсөн хүмүүс НД-ын санд хэр хэмжээний шимтгэл төлснөөс хамаарч, үнийн дүнтэй дүйцэхүйц шударга байдлаар тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн. Нийгмийн даатгалын тодорхой хувийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн тохиолдолд өвлүүлэх боломжтой болно. ” гэлээ.