С.Амарсайхан: Турк, Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махны туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн БНТУ болон Сири улс руу 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээхээр болжээ.
Шадар сайд С.Амарсайхан "Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Эмч сувилагч нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээх болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд бараа бүтээгдэхүүний туслалцааг Турк болон Сири улсад давхар үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэлээ.
Тухайлбал, майхан сав, хөнжил гудас, хувцас, хоол хүнс, лаа, чүдэнз гэх мэт бүх бараа бүтээгдэхүүн хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан бидэнд мэдээлж байгаа. Тэр дундаа махан нөөц, лаа, чүдэнз, хөнжил зэрэг бусад бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.