Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг БАЙГУУЛЛАА
Засгийн газрын хуралдаанаас Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ агентлаг нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монголд хөрөнгө оруулалт татах, сурталчлах, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлуудыг хариуцна.
Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эдийн засгинй үзүүлэлтүүдийг албан ёсоор ирүүллээ. 2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж дүгнэж байна. Мөн Монголбанк валютын нөөцөө танилцууллаа. Монгол Улсын валютын нөөц одоогийн байдлаар гурван тэрбум 560 сая ам.доллар байна" гэлээ.