Х.Нямбаатар: 2023 оны 1-р сарын 8-наас Эрээн-Замын-Үүд боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын Эрээний хил нээгдэх тухай болон боомтуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон.
Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо.
2021 оны 12-р сарын 19-нд батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-ын Боомтын захиргаатай хамтарч ажиллах талаар нэг бүрчлэн харилцан санал солилцлоо. Энэ хүрээнд:
- Төмөр замын хил холболтын асуудал, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлууд
- Гашуунсухайт, Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх гүйцэтгэх талаар хоёр талын байр суурийг илэрхийллээ.
2023 оны нэгдүгээр сард багтаан бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж, гүйцэтгэх асуудлаар Чайна энержи-гийн холбогбох албаны хүмүүсийг Улаанбаатарт урих талаар санал солилцлоо.
Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.
Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэлээ.









