Р.Отгонжаргал: Гаалийн бүрдүүлэлтгүй экспортолсон нийт хоёр сая тонн нүүрсний асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал "Шинэчлэлтийн хүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд зэрэг боомтуудад нэвтрүүлж буй ухаалаг гарцын системээр хүний оролцоогүйгээр бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, ГЕГ-ын шуурхай удирдлагын төв болон хөндлөнгийн хяналтыг тавих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Ухаалаг гарцын бүртгэлийн системийг ХХЕГ-тай холбож ажлыг нэвтрүүлж, эрхзүйн болон техникийн нөхцөл байдлыг тодорхойлж шийдвэрлүүлнэ.
Мөн нүүрс экспортлох үйл ажиллагаанд хяналт тавих, рентген төхөөрөмжүүдийг ГЕГ-ын шуурхай хяналт, удирдлагын төвтэй холбох, тэр камераар давхар хяналт тавих техникийн нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн.Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн системийн хүрээнд гэрээ бүртгэлийг гааль, татварын мэдээлэл технологийн төвтэй хамтран боловсруулж, гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэл ажлыг хангасан. Энэ нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжинэ"" гэв.
Мөн энэ үеэр нүүрс экспортын үйл ажиллагаанд гаалийн байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд хийсэн дотоод хяналт, шалгалтаар Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж боолзошгүй үндэслэл бүхий тоо баримт, материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Үүнд:
Нэгдүгээрт, 3758 тээврийн хэрэгслээр тэвээрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагчийн дүгнэлтээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.
Хоёрдугаарт, Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл 17149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэлтэй, Тавантолгой ХХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ нь тус компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасаан тоо хэмжээнээс 1.0 сая тонн илүү экспортолсон, 12 ААН эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 тонн нүүрс экспортолсон гэх зөрчлийг ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн.
Гуравдугаарт, 2018-2022.04.30-нийг хүртэлх хугацааг хамруулсан шалгалтаар 2213 хамтарсан манифестаар 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Шалгалтын дүнгийн талаарх танилцуулга, мэдээллийг хавсралт материалын хамт 2022.12.15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.
Дээр дурьдсан 3 удаагийн шалгалтаар тогтоогдсон тоо хэмжээ, мэдээллийг УИХ-ын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт Гаалийн ерөнхий газраас шилжүүлэн нягтлан шалгаж, эцэслэн тогтоох арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна.
Нүүрсний экспортын статистик зэрэгцүүлэлтийн талаар:
Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад 2019-2022 онд Монгол Улсаас БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улс орнууд руу Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар чулуун нүүрс экспортоор гаргасан байна.
Нүүрсний экспортын 2019-2022 оны эхний 9 сарын статистик мэдээлэлд БНХАУ руу гаргасан нүүрсний нийт экспортод эзлэх жингийн хувь 92.1-98.2, үнийн дүнгээр 90.8-98.0 хувь бол үлдэх хувь дээр дурьдсан улс орнуудад ногдож байна. Эдгээр улс орнууд руу хийгдэж буй нүүрсний экспорт БНХАУ-аар дамжин хийгддэг ба 2019 онд нийт 36.4 сая тонн экспортлосноос 35.7 сая тонн, 2020 онд нийт 28.6 сая тонн экспортлосноос 27.2 сая тонн, 2021 онд 15.7 сая тонн экспортлосноос 14.5 сая тонн, 2022 оны эхний 9 сард нийт 19 сая тонн экспортлосноос 17.5 сая тонн нь тус тус БНХАУ руу хийгдсэн цэвэр экспорт байна.
Статистик зэрэгцүүлэлтээс харахад зөвхөн нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүний хувьд ч талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч тэр болгон тохирдоггүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг.
Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг 1 жил тутамд хийж, талуудын уулзалтаар зэрэгцүүлэлтийн зөрүү гарахад нөлөөлсөн хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, тодотгол хийдэг. Сүүлийн уулзалтыг 2019 онд хийснээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөг хүртэл ахиж хийгдээгүй байна. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан хориг, хязгаарлалтын арга хэмжээ суларч, ердийн горимд шилжих үед хоёр талын гадаад худалдааны статистик зэрэгцүүлэлтэд дүн шинжилгээ хийх ажлын уулзалтыг ойрын хугацаанд хийх саналаа БНХАУ-ын гаалийн байгууллагад илэрхийлсэн байгаа.
Дээрх зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, гаалийн байгууллагад тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд:
- Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад нэвтрүүлж буй ухаалаг гарцын системээр тээврийн хэрэгслийг хүний оролцоогүй бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, удирдлагын төвийн болон хөндлөнгийн хяналтыг тавих боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд ухаалаг гарцын бүртгэлийн системийг Хил хамгаалах ерөнхий газартай холбох ажлыг нэвтрүүлэх эрх зүйн болон техникийн нөхцөл, боломжийг тодорхойлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
- Нүүрс экспортлох үйл ажиллагаанд хяналт тавих рентген төхөөрөмжүүдийг Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, удирдлагын төвтэй холбох, телекамерын давхар хяналт тавих техникийн нөхцлийг бүрдүүлсэн.
- Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн системийн хүрээнд гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэл ажлыг хангасан. Үүний үр дүнд нүүрс экспортолж буй аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, гэрээний үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэж байна. Энэ ажил 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
- Гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарын иж бүрэн шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хийх боломж бүрдэж байна. Гаалийн төв лаборатори нь БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сард магадлан итгэмжлэл авснаар Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг БНХАУ-д хүлээн зөвшөөрөх боломжтой болсон. Энэ нь нүүрсний экспортын үйл ажиллагаанд тавих хяналтыг түргэн шуурхай болгох, экспортоор гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой.
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүй, экспортын ашигт малтмал, нүүрс зэрэг бараанаас автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламж тодорхойлох тоног төхөөрөмжийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг автозамын 6 боомтод суурилуулахаар төлөвлөснөөс эхний төхөөрөмжийг Шивээхүрэн боомтод 2022 онд суурилуулж, туршилтын журмаар ашиглаж эхлээд байна.