Хулгайлсан 340 мянган тонн нүүрсээ “Тавантолгой“ ХК-ийн удирдлагууд “БУЦААН ТӨЛЬЕ“ гэжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
"Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас 340 мянган тонн нүүрс алга болсон ба орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас хэргийг хүлээж, буцаан төлөх санал тавьсан нь анхаарал татаж байна.
Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн шөнө хотод ирлээ. Эхлээд бичиг баримтуудыг шалгаж байна. Мөн АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг тодорхой хэргүүдийн сэргээн шалгаж, зарим мэдээллүүдийг нягтлан үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Ихэнх бичиг баримтуудыг хураан авсан учраас миний бие хараахан танилцаж амжаагүй байна. Засгийн газар "Тавантолгой" ХК-ийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлж авах тухай яриагүй.
Миний хувьд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана.Тавантолгой ХК-ийн удирдлагууд буцааж төлье гэж ярьж байгаа. Мөнгөн хөрөнгөө өгөх үү гэдэг асуудлыг мухарлана. Ийм их хэмжээний мөнгө авсан юм чинь улсад татвар төлсөн байх ёстой. Компанид орлого орсон байх ёстой. Хоёрдугаарт, 379 машин буюу мөргөцөгийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудал. Орон нутгийн удирдлага, компанийн удирдлагуудтай уулзаж, олон асуудлыг хэлэлцлээ." гэв.