Ипотекийн зээлийг бууруулахад “дорвитой“ шийдвэр гаргахгүй байгаа Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ
Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулахаар болсон байна.
Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгож бууруулах, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаарх асуудлаар дорвитой шийдвэр гаргахгүй байсан тул Шадар сайд С.Амарсайхан нэр бүхий удирдлагуудыг нь арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-д өөрийн биеэр өгч шалгуулна гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.
Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр "Зээл хүүгээ төлөөд, дээр нь өлсөж даарахгүйхэн өдөр хоногийг өнгөрөөх гэж хичээж байгаа иргэдийнхээ зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар тэрийж хэвтдэг цайрчихсан байж болохгүй юм." гэж хатуухан хэлжээ.