Шадар сайдаар ахлуулсан албаныхан Өмнөговьд ажиллаж байна
Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр жижиг Тавантолгойд ХК-д онцгой дэглэм тогтоож, зургаан сарын хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчөөр нь ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг томилох шийдвэр гарсан. Тус засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан албаныхан яг одоо Өмнөговь аймгийн Цогц цэций суманд ажиллаж байна.
Өмнөговь аймагт ажиллаж буй Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Тиймээс олон жил бугшсан хээл, хахууль, хууль бус арга хэмжээтэй тэмцэх ажлыг Засгийн газраас шуурхай хэрэгжүүлэхийг зорьж байна. Өнөөдөр засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр албаныхан өндөржүүлсэн байдалд ажиллана. Тавантолгой ХК-ийн 51 хувь нь төрийн өмчит. Үлдсэн 49 хувь нь гадна, дотны иргэд эзэмшдэг. Уг төрийн өмчит компанид үүссэн бүх зөрчил, санхүүгийн асуудалд шалгалт, аудит оруулж байна. Үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, нүүрсний борлуулалтад хяналт шалгалт хийж компанийн дүрэмд нийцээгүй гэрээ, хэлцэлийг ил тод болгож хариуцлага тооцох хэрэгтэй. Жижиг Тавантолгой ХК-д засгийн газрын хэрэгжилт ямар түвшинд явж байгааг цаг алдалгүй олон нийтэд мэдээлэл өгч ажиллах хэрэгтэй" гэлээ.