ЖАГСАГЧИД: Ерөнхий сайд та яагаад үнэтэй цаг зүүчхээд дэлхийн томчуудаас мөнгө гуйгаад байгаа юм бэ? Баялагтаа эзэн болъё!
Төв талбайд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж өрнөсөн иргэдийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсагчидтай гарч ирж уулзлаа.
Энэ үеэр жагсагчид: "Олон залуусыг уур бухимдлыг хүргэж байна. Ерөнхий сайд дөрөв дэх өдрөө гарч ирлээ. Монгол Улс хамгийн баян орон. Ерөнхий сайд та яагаад үнэтэй цаг зүүчхээд дэлхийн томчуудаас мөнгө гуйгаад яваад байгаа юм бэ? Баялагтаа эзэн болъё. Дэлхийгээр явж үзлээ. Залуучууд эх орноосоо гарсан тохиолдолд сайхан амьдарч байна. Ажил хөдөлмөр хийх залуучууд Солонгосоор дүүрэн байгаа. Энд байгаа бүх залуус гадаад явахыг хүсэж байна. Монгол төрдөө, Ерөнхий сайд танд итгэхгүй байна.
Та энгийн хүн шүү дээ. Танд цохилох зүрх байна уу? Бүх эрх мэдэл, боломж танд бий. Та эхний өдрийн жагсаал дээр яагаад гарч ирээгүй юм бэ?" гэв.