Жүжигчин Цогтоо : “Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай“. Нүүрсний хулгайн мөнгөө авъя, ах аа!
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байгаа.
Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар төв талбайд гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын "Нэрсээ зарла" хэмээн дуугаа нэгтгэж байна.
Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр "Ерөнхий сайд аа, "Хулгайчдын нэрийг зарла. Битгий ерөнхий бай". Залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа! Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Энэ ард иргэд чинь олон хоног хүлээлээ. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя" гэсэн юм.
Ерөнхий сайд мэдээлэл өгч Х.Нямбаатарын ахалж ажиллах ажлын хэсэгт жүжигчин У.Цогтбаярыг орж ажилла гэв. У.Цогтбаяр ч орж ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнтэй хамт хоёр хүн ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.