“Ирэх жил төлөх ёстой “Самурай“ бондын 30 тэрбум иенийг худалдаж аваад, Монголбанкан дахь Төрийн сангийн дансанд хадгалсан“
Засгийн газраас "Чингис" бондын төлбөрийг бүрэн барагдуулсан тухайгаа өнөөдөр мэдэгдсэн.
Харин бондын өрийг ямар эх үүсвэрээр төлсөн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад "Энэ бондын 63 хувийг төсөв дээр авч хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, өөр бизнесээс нэхэх эрх байхгүй тул үлдэгдэл 136 сая ам.долларыг 2022 оны төсөв дээр тусгасны дагуу Төрийн сангаас төлж барагдуулсан. Үүнээс хойш гарсан зургаан бондыг дахин санхүүжилт хийсэн, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой гаргасан.
2020-2024 онд 1990 оноос хойш Засгийн газарт үүссэн 8.5 тэрбум ам.долларын өрийн 5.4 тэрбум ам.долларыг буюу хамгийн өндөр ачаалалтайгаар өр төлбөр барагдуулах хугацаа. Гэтэл 2020-2024 он нь эдийн засгийн нөхцөл байдлын хувьд нэлээд том сорилт авчирсан жилүүд болж байна. КОВИД-19, олон улсад үүссэн дайны нөхцөл байдал гээд хэдийгээр том сорилттой байгаа ч олон улсын санхүүгийн зах зээл дээр төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь биелүүлж байгаа" хэмээв.
Ирэх онд манай улс Засгийн газраас баталгаа гаргасан "Самурай" болон "Евро" бондыг төлөх учиртай. Одоогоор "Самурай" бондын төлбөрт өгөх ёстой "30 тэрбум иенийг Хөгжлийн Банкны зээлүүдийг төлүүлсэн эх үүсвэрээс цуглуулж чадсан. Үүнээс бид өнөөдрийн ханшаар 762,300,000,000 төгрөгийн эх үүсвэрээр 30,000,000,000 иенээ худалдаж аваад Монголбанкан дахь Төрийн сангийн Хөгжлийн Банкны дансанд хадгалсан" гэдгийг Сангийн сайд хэллээ.
"Самурай" бондыг анх гаргаж байх үед 285 сая ам.доллартой тэнцэж байсан бол иений ханш тодорхой хэмжээгээр унаснаас 225 сая ам.доллар болжээ.