Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулийн тогтолцоог өөрчилж чадвал ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй
Төв талбайд хоёр өдөр үргэлжилсэн жагсаалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
"Өнөөдөр үдээс хойш улс төрийн намын холбогдох удирдлагуудтай уулзаж ярилцана. Жагсаалд ирсэн залуучуудын ихэнх нь оюутнууд байсан. Өчигдөр жагсагчид сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг дэвшүүлсэн гарын үсэг зураад өгсөн бичгүүд ч байна. Тогтолцоо нь буруу байгаа юм бол юугаа хүлээгээд байгаа юм бэ гэдэг бичиг ч ирсэн байсан. Тийм учраас энэ асуудал хэлэлцэнэ. Томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг нь өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал юм.
Парламент ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх, хүлээн зөвшөөрөгдсөн байх, сонгуулиас сонгуулийн хооронод бага ард түмнийхээ үүргийг гүйцэтгэх, иргэдийг төлөөлж чаддаг байх учиртай. Одоогийн тогтолцоогоор жижиг намууд парламентын босгыг давж чаддаггүй нь нууц биш. Ингээд хоёр нам л явж таардаг. Энэ нь байгаад л байх нөхцөл байдал үүсгэдэг. Энэ бол бидний төлөөлөл биш. Одоо нөхцөл байдал нэн амаргүй байна. Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж, шинэ тоглогчид гарч ирж байна.
Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эхнийх нь хавар, инфляц өсөж, эдийн засаг хүндрээд байсан. Нийгэмд бухимдал байх нь аргагүй байсан. Харин саяны жагсаалын дараа, бид тогтолцоогоо том агуулгаар нь харж, шийдэхгүй бол гал унтрааж, аргацааж явж байгаад эрх зүйт төрд аюул учрахуйц, засаглалын хэлбэр солигдох эрсдэл үүсэх вий гэдэгт санаа зовж эхэлсэн. Иймд эрх баригч намын даргын хувьд энэ асуудлыг өргөн агуулгаар нь харвал зүйтэй гэж үзэж байна.
Сая МАН-ын УЗ-ийг хуралдсан. Ер нь мөсөн уулын 1/3 нь л харагддаг гэдэг. Болж буй ихэнх асуудал далайн гүнд бий. 30 жилийн хугацаанд энэ тогтолцоо өөрөө гажуудаж ирсэн. Ийм учраас жагсагчдын тавьсан хоёр дахь асуудалд хариулт өгөхийг хүсэж байна. Үдээс хойш улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, ярилцана. Нийгэм үүнийг том агуулгаар нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд миний бие Ерөнхий сайдын хувиар манлайлан ажиллана. Энэ томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд ард түмэндээ дахин сонгох эрхийг олгох нь зүйтэй. Японд өчигдрийнх шиг жагсаал болсон бол УИХ нь тарчихсан байгаа. Ийм сонголтын өмнө ирэхэд би бэлэн байгаа. Парламентын гишүүд, улс төрийн намууд дэмжих байх гэж итгэж байна. Гал унтрааж явснаас том асуудлаа шийдье. Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ.