Д.Амарбаясгалан: Жагсаал зохион байгуулагчидтай уулзаж, асуудалд шийдэл олохоор ажлын хэсэг байгуулсан
Залуучууд нэгдэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаалыг зохион байгуулаад байна. Жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө өөрөө мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдэд зар тараасан ч хэвлэлийн хурлыг цуцалсан юм.
Тэгвэл Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгов. ЭТТ ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.
Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж хэлмээр байна.
Засгийн газрын зүгээс нээлттэй хандана. Тиймээс миний биеэр ахлуулж, Засгийн газраас Ажлын хэсэг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.