Б.Чойжилсүрэн: -30 градус давсан өдрүүдэд төвийн бүсийн сүлжээний оргил ачаалал өмнөх оны мөн үеэс 10%-аар их байсан
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу 10 хувиар их байна.
Энэхүү оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дээр ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс 23.1 импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан " гэв.