Түгжрэл ихсэнгүүт “сургууль хаадаг“ хуучинсаг сэтгэлгээнээсээ салмаар байна Ж.Сүхбаатар сайд аа
Түгжрэлийг бууруулах сайд Ж.Сүхбаатарын нийслэлийн авто замын түгжрэлтэй холбоотойгоор ажил, үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн шүүмжлэлд ихээр өртдөг болоод удаж буй. Тиймдээ ч сүүлийн үед гарсан олон нийтийн шүүмжлэлийг түр сарниулах эсхүл эерэг оноо авахаар зүтгэх болсон.
Тодруулбал, ирэх долоо хоногт хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт болох эрсдэлтэй хэмээн үзэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах саналыг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар гаргаад байсан. Тэгвэл энэ санал нь мөн их шүүмжлэл дагуулж эхлэв. Учир нь өнгөрсөн хугацаанд их л хоцорогдолтой байсан хичээл, сургуулийг цахим нэрээр дахин хаах нь сурагчдад л их хохиролтой гэдгээ өнгөрсөн хугацаа харуулсан. Энэ ч үүднээс Түгжрэлийг бууруулах сайдын ээлжит "попрол" газар авсангүй бололтой.
Учир нь энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултанд " Хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Учир нь КОВИД-19-өөс шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас ихээхэн хоцрогдолтой байгаа. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ. Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь "хуучинсаг сэтгэлгэ" гэж харж байна. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм. Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана. " гэсэн юм.