Шадар сайд шахмал түлшний найрлага дахь угаар, хүхрийн хийн хэмжээг лабораторийн шинжилгээгээр тогтмол хянахыг анхааруулав
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажил, сайжруулсан шахмал түлшний хангалт, нийлүүлэлтийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор Баруун болон Зүүн бүсийн үйлдвэрүүд хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар нийт 650 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж буй бөгөөд нийт 120 мянган тонн түлш нөөцөд байгааг хэллээ. Энэ жилийн тухайд агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулснаар түлш борлуулах 29 цэгийг шинээр байгуулаад байгаа юм.
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдлын мэдээг танилцууллаа. 2022 оны 10 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 2 мкг/м 3-ээр буюу 6 хувиар, PM10 тоосонцор 12 мкг/м3 -ээр буюу 11 хувиар, азотын давхар исэл 7 мкг/м3-ээр буюу 17 хувиар тус тус бага гарсан байна.
Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
1. Иргэдийн амь нас, айл өрхийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж зөвлөгөөг сайтар хүргэх
2. Хорт хий, хүхрийн хэмжээг тодорхойлох лабораторийн шинжилгээг тогтмол хийж, мэдээлэх
3. Түлшний чанар, орц найрлагыг тогтмол хянах.