Х.Нямбаатар: Гэр бүл төлөвлөлт, эхнэр нөхрийн харилцааны чиглэлээр бид ч гэсэн өөрсдөө сургалтад суух ёстой юм билээ
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" хамтарсан багийн үндэсний чуулган боллоо. Чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Би нэг юманд их хатуу итгэл үнэмшилтэй болсон. Бид гэр бүл төлөвлөлтийн чиглэлээр, эхнэр нөхрийн харилцааны чиглэлээр бид нар ч гэсэн өөрсдөө сургалтад суух ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө гэр бүл болж төлөвшиж амжилгүйгээр гэр бүл зохиогоод дараагийн амьдралууд өрнөөд явчихдаг.
Тэгэхээр бид цаашдаа энэ чиглэлийн сургалтуудыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, үйлдэгдэж болзошгүй, өөр хоорондоо таагүй харилцаатай байгаа гэр бүлүүд рүү чиглэх ёстой. Би 10 гаруй жилийн өмнө хамтарсан багийн чиглэлээр ажиллаад нэлээн нэлээд олон хүний эцэг эх байх эрхийг хязгаарлах ажлыг хийж байсан. Би зарим хүүхдүүдтэй нас биед хүрсэн хойно нь уулзаж, зарим ээж аавуудтай ч таарч байсан. Хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа хүмүүс дараа нь их л гэмшдэг юм байна лээ. Бид нар заавал тийм хүнд үр дагаварт хүргэхгүйгээр гэр бүлүүдтэй харилцаж, төрийн энэ үүргийг сурталчилж, ойлгуулах хандлагаа өөрчлөх ажил зохион байгуулах ёстойг өнөөдрийг зөвлөгөөнөөр ярьж байна.
Бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй айл өрхүүдийн талаарх суурь судалгаа, дататай болсон. 2023 онд энэ датан дээрээ суурилаад нөгөө айл өрхүүддээ сургалт хийе, эхнэрт нь, нөхөрт нь, гэр бүлд нь хамтарсан сургалтуудыг зохион байгуулъя. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийг заавал зөрчлийн дуудлага мэдээллээр таслан зогсоохоос илүүтэй урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг рүүгээ цаашид ажиллая гэдэг үндсэн зорилгоо өнөөдрийн чуулганаар тодорхойлж байгаа юм.
Нэгэнт зөрчил үйлдэгдсэн тохиолдолд зөрчлийг шуурхай шийдвэрлэх, зөрчил үйлдсэн этгээдэд зан үйлийг засах сургалтад хамруулах, аль болох гэр бүлийг салгахгүй сарниулахгүй байх үр хүүхэд нь халуун дулаан орчинд өсөж торних боломжуудыг бий болгох чиглэлээр ярьж байна" гэлээ.